Дэлхийн Эдийн Засгийн Форумаас Эрчим хүчний шилжилтийн индексийн тайлангаа 14 дэх жилдээ гаргалаа. 2024 оны тайланд 120 улс багтсанаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт эрэмбэлэгдэв.

Сүүл мушгигчдын эгнээнд

Эрчим хүчний тогтолцооны гүйцэтгэл, эрчим хүчний шилжилтэд бэлэн байдал гэсэн хоёр суурь үзүүлэлтээр дүгнэсэн энэ оны индексэд Монгол Улс 45.4 оноотойгоор 120 улсаас 116 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оныхоос таван байраар ухарчээ.

Дээрх индексэд Монгол Улсын үнэлгээ 2014 оноос хойш 6.9 оноогоор ахисан нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт боловч Пакистан, Зимбабве, Мозамбик, Йемен зэрэг улстай мөр зэрэгцэн сүүл мушгисан хэвээр байна. Ерөнхийд нь харвал индексэд багтсан хөгжиж буй орнуудын 83 хувь нь эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжтэй байдал, тогтвортой байдлын үзүүлэлтүүдийн дор хаяж нэгт нь ухарсан байгаа юм.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын эрчим хүчний шилжилтийн үзүүлэлтийн зааг улам ойртох төлөвтэй ч хөрөнгө оруулалт, бодлого эрх зүйн орчны хувьд хөгжиж буй орнуудад сайжруулах орон зай их хэвээр байгаа нь энэ оны тайлангийн онцлох дүгнэлт болсон байна.

“Хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалт татах таатай бодлогын орчин үүсгэх шаардлагатай. Ингэхдээ улс орон бүр өөрийн өвөрмөц хэрэгцээ, шаардлага, эрчим хүчний нөөцтэй уялдсан санаачилга гаргах хэрэгтэй” хэмээн тодотгожээ.

Бодит байдал өөр

Эрчим хүчний хэрэглээ, оргил ачаалал нэмэгдэх хэрээр сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж байгаа Монгол Улсын эрчим хүчний салбар өнгөрсөн онд бараг 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Хүчин чадлын дутагдал, тоног төхөөрөмжийн насжилтаас гадна эдийн засгийн утга агуулгагүй, өртгөөсөө хамаагүй доогуур үнэтэй цахилгаан хэрэглэж буй нь салбарын ужгирсан асуудлуудын суурь болохыг мэргэжилтнүүд хэлдэг.

Парисын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30 хувьд хүргэхээр амласан юм. Одоогийн байдлаар энэ хувь 18.2 байгаа ч төслийн хөрөнгө оруулалтаа нөхөхөөргүй бага тариф, мөн нар, салхины эх үүсвэрээс сүлжээнд нийлүүлэх үнэ өндөр зэрэг нь зорилтоо биелүүлэхэд сорилт болох төлөвтэй байна.

Өнгөрсөн найман жилийн хугацаанд эрх барьсан МАН эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ, сэргээгдэх эрчим хүчний мега төсөл эхлүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Харин Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо 100 хувь хангах, эрчим хүч экспортлогч улс болох, салбарт ухаалаг үнийн систем нэвтрүүлэх зэрэг амлалтууд багтаасан байна.

ОХУ Украинд довтолсноос хойш барууны орнууд Монгол Улстай сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмалын салбарт хамтрах сонирхлоо илэрхийлэх нь нэмэгдсэн ч тэдгээрийг бодит ажил хэрэг болгох нь амаргүй гэдгийг Францын “Orano Mining” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил хойшилсон ойрын жишээнээс харж болно. Ямартаа ч одоогийн бодит байдал гэвэл Монгол Улс ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолсон хэвээр, мөн уул уурхайн хамгийн том төсөл “Оюу Толгой” БНХАУ-аас эрчим хүчээ импортоор хангаж байна.

Б.Бат-Очир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 4-нд түүхийн хичээлээр эхэлнэ
Next post Нийслэлийн хэмжээнд нэг сая 93 мянган сонгогч 513 санал авах байранд саналаа өгнө