Улсын хэмжээнд он гарсаар 2024 оны зургаадугаар сарын 17-ны байдлаар үер, усны ослын 36 тохиолдол бүртгэгджээ.

Үүний улмаас 26 хүн амь насаа алдсаны гурав нь бага насны хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үер, усны ослын тохиолдлын тоо нь дөрөв дахин ихсэж, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байгаа юм. Мөн усны ослын нийт тохиолдлын 25 хувь нь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд энджээ.
Гол мөрний үерийн оргил үе гол төлөв долдугаар сард ажиглагддаг бөгөөд энэ жилийн хувьд хур тунадасны эрчимжил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөв ажиглагдаж байгааг цаг уурчид сануулаад буй. Ойрын өдрүүдэд орох түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм. Тиймээс болзошгүй үерийн аюулаас сэргийлэх дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд
Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншин г шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
Үерийн аюултай бүс нутгаас нүүх
Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхаарна уу.
Амралт зугаалгын улирал эхэлж иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд тогтмол хараа хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ )-аас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours