Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 7-ны өдөр УИХ-аар эцэслэн баталсан.
Хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, эрүүгийн хариуцлагад оногдуулах ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг оруулжээ.
Ямар өөрчлөлт орсон талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, уг хуультай хамт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг 400,000 төгрөгөөр торгож байна.
Мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг.
Өөрөөр хэлбэл жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгож, харин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол шүүхээс 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж байгаа юм.
Тэгвэл УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, уг хуультай хамт өргөн мэдүүлж, баталсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах өөрчлөлтийг тусгасан.
Өөрөөр хэлбэл жолооч эхний удаа согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол шүүхээс баривчлах шийтгэл оногдуулах боломжтой байдлаар хуульчилж, хариуцлагыг чангатгасан.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу давтан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Тухайлбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэнэ.
Түүнчлэн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг байсан бол уг өөрчлөлтөөр дээрх үйлдэлд 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил зорчих эрхийг хязгаарлах үндсэн ял оногдуулахаар, нэмэлтээр 1-3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулахаар хуульчилсан.
Тодруулбал дээрх үйлдэлд оногдуулах торгох ялын доод хэмжээ 5 дахин, дээд хэмжээг 3 дахин, зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг 6 дахин, дээд хэмжээг 3 дахин тус тус нэмэгдүүлж, шинээр эрх хасах ял оногдуулахаар хуульчилж, ялын бодлогыг чангатгасан байна.
Жолооч хууль, дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хасаж 6 сараас 3 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хорих ял оногдуулдаг байсан бол өөрчлөлт оруулсан зохицуулалт хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хасаж 1-3 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-3 жил хорих ял оногдуулахаар болсон.
Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хүндрүүлэхээр заасныг хассан юм.
Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироосон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасдаг байсан бол Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8-12 жил хүртэл хугацаагаар хасахаар болсон.
Дээрх үйлдэлд оногдуулах эрх хасах ялын доод, дээд хэмжээг тус бүр 2 жилээр, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын доод хэмжээг 6 сараар нэмэгдүүлсэн байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах ял хариуцлагыг чангатгаснаар зам тээврийн ослын гаралт буурах, ослын улмаас амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзсэн” хэмээн тайлбарлаж өглөө.
More Stories
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...