Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа.
Оросын Холбооны Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр орны худалдааны тэнцлийг бодитой хангах, эрчим хүч болон дэд бүтцийн хамтарсан төслүүдийг бүтээлчээр хэрэгжүүлэх, Монголын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах санал тавилаа.

Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустин Монгол Улс, ОХУ нь олон жилийн найрсаг харилцааны түүхтэй, стратегийн түнш улсууд болохыг тэмдэглэн, түүхийн хүнд цаг үед болон их бүтээн байгуулалтын жилүүдэд манай хоёр орны ард түмэн ямагт хамтдаа байж, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг дурсан, цаашид худалдаа, санхүү, дэд бүтэц, эрчим хүч, боловсролын салбарт хамтын ажиллагааг тодорхой төслүүдээр эрчимжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар саяхан Бээжин хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажилагааны асуудлаар ярилцсан нь чухал ач холбогдолтой болсныг Засгийн газрын тэргүүн нар онцлон тэмдэглэж, Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 25 дугаар хуралдаан аравдугаар сарын 23-24-нд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж, хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг нухацтай хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой болсныг Засгийн газрын тэргүүн нар өндрөөр үнэлэв.

Түүнчлэн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг, тухайлбал Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг – Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хоёр тал тохиров.
Монгол, Оросын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Халхын голын хамтын ялалтын 85 жилийн түүхт ойг 2024 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр тал тохиров.

More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...