Д.Туяа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд уулын аманд тансаг зочид буудал барьж байгаа нь үр ашиггүй зардал

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын өмнөх болон одоогийн удирдлагууд Булган аймгийн нутаг дэвсгэр, Эрдэнэт хотоос 70 гаруй километрийн зайд уулын аманд 210 ортой тансаг зэрэглэлийн зочид буудлыг барьж байгаа. Энэ асуудлаар байгаль орчны ерөнхий үнэлгээний тайлан батлуулахдаа хуульд нийцээгүй хуурамч материал бүрдүүлж, орон нутгаас санал авахгүйгээр байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж ерөнхий үнэлгээний тайлангаа батлуулсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь манай улсын мэдэлд ирсэн. Үүнээс гарч байгаа ашиг орлого улсын төсөвт төвлөрөх ёстой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт Эрдэнэт хотоос 70 гаруй километрийн зайд уулын аманд 210 ортой, тансаг зэрэглэлийн зочид буудал барьж байна. Энэ ажлыг бид анхнаас нь эсэргүүцэж 2021, 2022 онд зогсоох гээд дийлэхгүй энэ оны нүүрийг үзлээ.

Улс орны эдийн засаг сайн биш байна. Хүн бүр өрхийн орлогоо дээш татахын тулд бүгд л хичээж байгаа. Гэтэл “Эрдэнэт” ТӨҮГ-аас улсын төсөвт төвлөрөх мөнгөөр ийм барилга барих шаардлагагүй. Энэ бол үр ашиггүй зардал. Төсөвт төвлөрөх мөнгийг буруу зарцуулж, өөрсдийн тансаг хэрэглээнд зориулсан байж магадгүй гэх асуудалд Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулахыг хүсэж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours