Улс төрөөр дамжиж ЦАЙЗАА босгох бүлэглэл ТӨРИЙН ӨМЧИЙГ ашиглахыг эсэргүүцэж байна

Хувьд байхдаа ашигтай ажиллаж байсан үйлдвэрийг төр булааж авснаа “одоо л ашигтай ажиллах гээд байна” хэмээн олон нийтийн тархийг угаах хэдий ч яг үнэн нөхцөл байдалдаа “түргэн хугацаанд ашиглан хөлжих” бодлого явагддаг нь нууц биш болтлоо ялзарсан энэ нийгэмд эрх мэдэл төрд байж болох ч өмч байх нь зарчимгүй үйлдлийг өдөөн дэвэргэх гол үндэс болоод буйг хэн хүнгүй мэддэг болсон ч гарц гаргалгаа хайхгүй байгаа шалтгаан нөхцөл юунд байна вэ. Яагаад хүмүүс өнөөдөр эрх мэдэл рүү тэр дундаа улс төрөөр малгайлсан эрх мэдэл рүү тэгж ихээр тэмүүлэн доргиж байна вэ. Яагаад гэмт хэрэг үйлдэхээс ч буцахгүй болтлоо догшрон байж эрх мэдэл рүү тэмүүлж, тэр хэрээр бүлэглэл хоорондын тэмцэл ил гарсан ч ичихгүй улайрах болов. Энэ бүх үйл явцаас өнөөдөр хэн хохирч, хэн хожиж үлдэж байна вэ гэсэн олон асуулт эзэнгүй байгаагийн хамгийн гол учиг нь ТӨРД БУЙ ЭРХ МЭДЛИЙГ БИЙ БОЛГОСОН ӨМЧ. Өнөөдөр эрх мэдэл, албан тушаалын хамгийн гол зангилаа ямар ч хяналтгүйгээр баяжих замаа “төрийн өмчийг үнэгүйдүүлж, өөрийн болгож авах” хэмээн ойлгосон бүлэглэл эрх мэдэл, албан тушаалд улайрч нэгнээ хөнөөхөөс ч айхгүйгээр бэхжиж авах гэж улайрах болов. Ингэж улайрч байгаа нөхдийг ТӨР хэмээх хамгаалалтын цайз руу оруулах нь хамгийн том аюул. Гэтэл энэ аюулыг мэдсээр байж энэ цайзад нэвтрэх эрхийг өгөх болсон шалтгаан юу юм?

Яг өнөөдрийн энэ нөхцөлд төрд өмч байх хэрэг байна уу гэсэн сөргөлдөөнт бодол байнга орж ирдэг болов. Мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүс энэ асуудалд эргэлзээтэй хандах болсон хамгийн том шалтгаан улстөрийн аль ч хүчин, ямар ч улстөрч төрийн эрх барьсан ч төрд очсон, байсан өмч хөрөнгө “ашиг орлогогүй” гэдэг мэдээллээр олон нийтийн тархийг угааж, ашгаа ардаа нууж, алдагдлаа ил тавьж зүтгэдэг. Ингээд хэсэг хугацааны дараа буюу эрх мэдэлтнүүд “мөлжиж дууссан”-ынхаа дараа гэнэт “хувьд шилжүүлэв” гээд хаалга үүдийг нь хаачихдаг болсон. Өнөө л “өрмийг нь хамах” бодлого өөд уруугүй хэрэгждэгийн гай ч гэмээр юм уу. Нөгөө талаар сүүлийн үед монголчууд маш ихээр ярих болсон “өсөхийн өлөн” гэх энэ байдал. Олон зуун жилийн турш Манжийн дарлалд өртөж, толгой өргөх мэдэлгүй зүтгэсэн боолын араншин, хөрөнгөтний нийгмийг алгассаны ул мөр өнөөдрийг хүртэл үргэлжилж буй учир хувийн өмчтэй, суурь хөрөнгөтэй хүн Монголд байхгүй. Үүнээс болж бүгд Өсөхийн өлөнд нэрвэгдэж, шунал хүслээ дарж чадахгүй нийтлэг дутагдалтай болчихсон.

Яг энэ нөхцөлөөс харахад ийм төрд өмч байх хэрэг алга. Учир нь ТӨР гэдэг статуст хэдхэн хүн, бүлэглэлийн “шуналын марафонд хэн ялах вэ” тэмцээн шиг өрсөлдөж ханцуй суйлж байхад өмчтэй төрийн хэрэг алга. Харин өмчгүй болсон төрийн эрх баригчид зөвхөн сайн менежер байх ёстой зарчим үйлчлэх нь шударга. Учир нь өмчгүй ТӨР рүү хэн ч эрх барих гэж нэр дэвших гэж улайран зүтгэхээ болино. Учир нь өмчгүй төрд эрх барих нэрээр өөрийн шуналаа хөгжөөж, дэвээ дэгжээж БАЯЖИХ боломж үгүй болохоор зөвхөн баяжих сэтгэлээр төр рүү зүтгэдэг бүлэглэлд тэнд шургалах шаардлага байхгүй болно гэсэн үг. Монголчууд эртнээс эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэлцдэг. Тиймээс төрийн эрх мэдэлгүй өнөө үед зүтгэж, хамгийн ихээр чичирч байгаа улс төр гэсэн халхавч доор сүрэглэн бий болсон бүлэглэлийг зогсооход ТӨРИЙН ӨМЧийг зогсоох нь магадгүй, хамгийн зөв гарц ч байж болох юм. Зарим хүмүүст өмчгүй төрөөр яах юм гэж нэн түрүүнд асуух биз. Тэгвэл ТӨРИЙН ӨМЧ нэрээр эрх мэдлийг бий болгож, нийгмийн төлөө биш бүлэглэлийн төлөө улс эх орныг удирддаг СААРАЛ ӨНГӨ өнөөдөр Монгол Улсад нутагших хүртлээ хүлээн зөвшөөрөгдчихлөө. Тэгвэл энэ бохир тоглолтыг зогсоох, өмч хөрөнгийн төлөө эрх мэдлийг авах гэсэн хэдхэн гэр бүлийн ноёрхлыг ТӨРИЙГ ӨМЧгүй болгож, харин сайн менежерийн менежментээр өөрчилж, хувийн хэвшлийн үйлдвэрлэл үйлчилгээг чадавхжуулж, зөөлөн бодлогоор дэмжиж хөл дээр нь баттай зогсож авах нөхцөлөөр хангаж, дотоодын хөрөнгө оруулагчдаар оролддог, үйл ажиллагаанд нь саад учруулдаг явдлыг бүрмөсөн зогсоох аваас өнөөдөр төр баян биш ард түмэн, олон нийт нь БАЯН болж, улсын хөгжил урагшлах замд орох юм.

Энэ л шийдлийг өөрчлөлтийг өнөөдөр хийхгүй аваас аль нэгэн бүлэглэлийн дөрөв, тавхан жилийн хугацаатай сонгогдсон хэн нэг нөхөр улсын эдийн засгийг нуруундаа үүрэгч томоохон аж ахуйн нэгжүүдээр оролдож, аль ашигтайг нь ТӨРД ШИЛЖҮҮЛЛЭЭ нэрээр улс төрийн эрх ашгаар нэгдсэн хэдхэн нөхдийн баяжих, хяналтгүй хөрөнгөжих замналыг бүтээх боллоо. Тиймээс төр өмчгүй байхыг хуульчлах, үндэсний компани, дотоодын хөрөнгө оруулагчдадаа ээлтэй нөхцөл байдлыг бий болгох аваас УЛАНДАА ортлоо доройтоод байгаа энэ нийгэмд арай ирээдүйтэй ГЭРЭЛ АСАХ магадлал бий болох юм. Ингэж үзэх болсон шалтгаан буюу хамгийн энгийн жишээ дурдахад хувийн хэвшилд ашигтай ажиллаж байсан Хөтлийн цемент шохойны үйлдвэр Төрийн мэдэлд очоод хэрхэж буйгаас тод харагддаг.

Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours