Ч.Номин: 2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэд соёлын хүртээмжид хамрагдсан

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн (2023.01.11) хуралдаанд “Соёлын бүтээлч сар” сэдвээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ.

Соёлын яам өнгөрсөн хугацаанд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийжээ. Өөрийн орны нөөц бололцоо, олон улсын туршлага чиг хандлагатай уялдуулан, хөгжлийн бодлогоо тодорхойлон “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл, арга хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2012 оны 314 дүгээр тогтоолыг батлуулсан байна.

Энэ хүрээнд үндэсний агуулгатай, инновац шингэсэн, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг нэмэгдүүлэх, соёлын өвд суурилсан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын ажилтан, уран бүтээлчид, хүүхэд залуучууд, иргэдийн бүтээн туурвих авьяас, чадавхыг хөхиүлэн дэмжих, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийг ойртуулах чиглэлээр хийж байгаа томоохон ажил нь “Соёлын бүтээлч сар” аян гэв.

Соёлын яамнаас 2021 онд цар тахлын дараах бэрхшээлийг даван туулах соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр 167 арга хэмжээ зохион байгуулжээ.
2022 онд соёлын салбарын хөгжлийн үндсэн дөрвөн зорилтын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн өнгө төрхтэйгөөр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд 2063 арга хэмжээг зохион байгуулсан гэв.

“Соёлын бүтээлч сар”-д төрийн болон орон нутгийн өмчийн 512 соёлын байгууллага, олон улсын байгууллага, хамтын удирдлагын байгууллага, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, 2700 гаруй чөлөөт уран бүтээлч, эрдэмтэн судлаачид хамрагджээ. Онцлох ажлууд нь:

  • “Эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн нэгдсэн арга хэмжээ”,
  • “Монгол цам”,
  • “Язгуурын тав” тусгай үзэсгэлэн,
  • Кино урлагийн салбарын анхдугаар зөвлөгөөн, номын санчдын IX дүгээр зөвлөгөөн

Хүний эрх, соёлын эрхийг хамгаалах, соёлын үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах хүрээнд 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлсэн. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн найман хувийг хамарчээ. Хүүхэд нэгдүгээрт бодлогын хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран урлаг, соёл, боловсролын оролцоот хөтөлбөрүүд, тоглолт, үзвэр үйлчилгээнд нийт 277124 хүүхдийг хамруулсан.

Энэ нь Монгол Улсын нийт хүүхдийн 23 хувьд хүрсэн. “Соёлын бүтээлч сар” аяныг хоёр жил дараалан зохион байгуулсан. Энэхүү аян Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод соёлыг хөгжүүлэх холбогдолтой тусгасан зорилт, арга хэмжээ хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Жил бүр агуулга, хэлбэрээ баяжуулан, цар хүрээний хувьд өргөжиж байгаа “Соёлын бүтээлч сар” аянд оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, соёл урлагийн олон талт үйл ажиллагаагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг тэлж, дээшлүүлэх ач холбогдолтой. 2022 онд давхардсан тоогоор 6.2 сая иргэд соёлын хүртээмжид хамрагдсан гэсэн судалгаа гарсан” гэлээ.

+ There are no comments

Add yours