Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад гарч ирэх үеэр нь үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цөөн асуултад хариулт өглөө.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “1992 онд Үндсэн хуулийг боловсруулаад, хэлэлцээд батлах үед нэг хэсэг хүмүүс, жишээ нь манай найз Дашдорж тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой гэж зүтгэсэн. Бусад хүн парламентын засаглалтай байх ёстой гэж хуваагдаад санал яг тэнцсэн. Тэр үед Үндсэн хуулиа батлах нь илүү чухал байсан учраас ирээдүйд тодорхой зөрчил авчирна гэдэг дээр дутуу анхаарсан.

Одоо үүнийг ард түмэн төвтэй Үндсэн хууль болгож, ард түмний сонголт дээр тогтсон парламентын тогтолцоо руу шилжих алхам хийх гэж байна уу гэж би өнөөдөр сонслоо. Энэ тогтолцоог өөрчлөөсэй гэж хүсэж байна. Ард түмний сонголт дээр тогтсон төр засаг байгуулагдаад, чадамжтай Засгийн газартай болоосой гэж бодож байгаа.

Дахиад 30 жил Монголчууд дэвшил гаргаж ажиллаад, энэ парламентын сонгодог тогтолцоо болж байна уу үгүй юу гэдгийг залуучууд дүгнэх байх гэж бодож байна. Аливаа улсын Үндсэн хууль 18 жил насалдаг юм байна. Үүний дараа  Үндсэн хуулиа шинэчилдэг” гэж ярилаа.

Нүүрсний хулгай байна гээд залуус бухимдаж байгаа нь зөв. Жагсах хэрэгтэй, энэ хулгайг зогсоох хэрэгтэй. Хулгай хийсэн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ бол маш зөв. Ерөнхий сайдын байр суурийг ч дэмжиж байна. Залуучуудтайгаа хамтраад нүүрсний хулгайчидтай тэмцээсэй, битгий зогсоосой. Гэхдээ хариуцлага тооцож байна гээд 1-2 хүнийг ажилгүй болгоод хулгай зогсохгүй. Тогтолцоог нь өөрчлөөд, байгалийн баялгийг ард түмэнд өгөх гарц олж харчхаад үүнийг хийнэ гэж бодож байгаа болов уу гэж ойлгож би дэмжиж байгаа” гэлээ.

+ There are no comments

Add yours