АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэснээр хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, энэ хэрээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.
Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр Хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, 2018 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хийж байгаа энэ бүтээн байгуулалт Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
“2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох Ус дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ” гэлээ.
Мөн нэг жилийн өмнө Улаанбаатар хот, цаашид дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийг усаар хангах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэлж байсныг дурдав.
Төслийн санхүүжилт, барилга угсралт зэргийг төлөвлөгөөний дагуу хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцоо чухал байгааг тэмдэглэв.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд “Дэлхийн хамгийн их усны хомстол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй Улаанбаатар хотод энэ үйлдвэрийг барьснаар хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг аюулгүй, тогтвортой усаар хангаж, хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг хэлэв.
АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн хэрэг хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк “462 сая ам.долларын хамтарсан энэ хөрөнгө оруулалт хоёр орны ард түмний түншлэлийн бэлгэ тэмдэг” гэдгийг онцоллоо.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Эм Си Эс проперти” шалгарсан бөгөөд үйлдвэрийн технологийн зураг төслийг БНФУ-ын “Egis Water and Maritime”, “Veolia Water Technologies” компани хариуцаж байна.
Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Гадаад харилцааны сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, УИХ, Засгийн газар, агентлаг, нийслэлийн төр, захиргааны байгууллага, гүйцэтгэгч болон хамтрагч аж ахуйн нэгжийн төлөөлөл болон албаны бусад хүн оролцов.
More Stories
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 18-ны бямба гарагт нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын...
Агаарын бохирдолд гэр хорооллын утаа 58-60 хувь, авто тээврийн хэрэгслийн утаа 28-30 хувьтай нөлөөлж байна
Улаанбаатар хотод өдөр тутамд 500,000-600,000 орчим автотээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо зарим баярын өдрүүдэд 800,000 хүрдэг байна. Мөн...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб...
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн төслүүдээ өргөн барьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа, Улсын Их...
“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулган Бүгд Найрамдах Парагвай Улсын Асунсион...