“Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэх тооцоо гаргасан”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм гишүүдээ, өнгөрсөн долоо хоногт гишүүд бүгд иргэд, олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй.

Хүмүүсийн амьжиргааны гол үндэс болсон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18%-д хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Төмс 970 төгрөг байсан бол 2,500 төгрөг, лууван 2,000 төгрөгөөс 4,700 төгрөг болж, ургамлын тос 4,300-9,500, байцай 3,000 төгрөг байсан бол 5,200 төгрөг, атар талх 1,280-аас 1,700 төгрөг болж өссөн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд тээвэрлэлтийн зардал нэмэгдэж илүү өндөр үнээр очиж байна. АИ-92, 95 шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамд 164 буюу 1.6 дахин нэмэгдэж буй нь инфляцын суурь шалтгаан болж байна.

Инфляц дэлхий нийтийн зовлон болсон. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй. Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна. Импортоос хамааралтай манай улсын эдийн засаг ирэх 9, 10 сар болон оны эцэс гэхэд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд ард иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу хүнсний аюулгүй байдал хангамжийг сайжруулах тогтоол гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна.

Амьжиргааны өртөг 10%-аар өсөхөд ядуурлын түвшин 34.3%-д хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэйг Дэлхийн Банк болон ҮСХ-ноос тооцоолол гаргасан. Иймд УИХ-аас үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Эрхэм гишүүдээ УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Анхааралтай сонсох хэрэгтэй байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөөд байхад баяр цэнгүүн ярилаа гэж ард түмэн шүүмжлээд байна. Иймээс Ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлах хэрэгтэй байна” гэв.

+ There are no comments

Add yours