Үндэсний хөрөнгөтнүүдэд үүдээ хаасан төр ичиг ичиг

Монгол Улсын Засгийн газрыг “Кью Эс Си” компани арбитрын шүүхэд өгчээ. Аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг хамгаас чухал байдаг. Аль ч улсад энэ л зарчим үйлчилдэг ч манай улсад ашиг олж байгаа хувийн хэвшлийг аль байдгаар нь дарамталсаар төр нь булааж авч байгаа нэртэй төрийн толгойд шигдсэн хэдэн хувалзууд хувааж аван өөрийн болгож, туйлж эхэлдэг. Үүний бодит жишээ Хөтөлийн цементийн үйлдвэр гэж болно. Аль ч улс орон үйлдвэрлэгч болж, эдийн засгаа хүчирхэг байлгахын тулд томоохон татвар төлөгч, том группийн эздийнхээ үгийг сонсож, бодлогодоо тусгаж, тэднийхээ бизнес эрхлэх орчныг таатай болгон дэмждэг. Харин энэ байтал манайх эсрэгээрээ байдаг нь нууц биш. Нэгэн зүйл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаанд “Кью Си Эс” компани эзэмшихээр болж Засгийн газартай 2014 оны дөрөвдүгээр сарын 04-нд концессын гэрээ байгуулсан байдаг. Хоёр Засгийн газар дамнан хэлэлцэгдсэнээр үндэсний компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийхээр болсон нь энэ. Хамгийн гол нь концесс гэдэг худалдан авалт, хувьчлал биш. “Кью Си Эс” компани онцгой эрхтэйгээр бүтээн байгуулалтад оролцох үүрэг хүлээж буй эрх зүйн зохицуулалт бөгөөд гэрээний дагуу 30 жил, өнөөдрөөс 22 жилийн дараа төрд үнэ төлбөргүй хүлээлгэн өгнө гэсэн үг. Гэтэл монгол зарчим л үйлчилсэн нь улсын өмчит үйлдвэр 134 тэрбум төгрөгийн урт болон богино хугацааны өртэй болсон учир хөрөнгө оруулалтын багагүй хэсгийг Хөгжлийн банкнаас босгосон байдаг.

Энэ бол “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12-р сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.доллар буюу 133 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц зээл авсан байдаг. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүн гаргахад ашигласан нийт зардлын ердөө 14 хувь гэж байгаа. Харин тус компанийн хувьд зээлийг хуваарь ёсоор тухай бүрд төлсөөр 2018 оныг хүртэл 88 тэрбумыг нь барагдуулчихсан ч 2016 оны эдийн засгийн хямрал, 2020 оны цар тахлын хүнд үел зээл төлөлт тасалдсанаар 191.2 тэрбумыг нэхэмжлэн “Кью Си Эс” компанийн дансыг битүүмжилсэн байдаг. Харин шүүхээс эд хөрөнгө хураах тогтоол гараагүй ч Засгийн газар дур мэдэн концессын гэрээг цуцалж, компанийн эд хөрөнгийг хураасан нь нөгөө л хувийн хэвшил рүү дайрсан төрийн төмөр нүүр үндэсний хөрөнгө бүтээгчдээ дарангуйлдгийн хамгийн тод жишээ болсон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хариуцлагатай компанийг түшиглэн хэрэгжүүлж байгаа Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг цаашид дэмжиж ажиллана гэж 2020 оны есдүгээр сарын 17-нд сэтгүүлчдэд мэдэгдэж байсан ч эдүгээ бүх зүйл эсрэгээрээ эргэчхээд байгаа. Тухайн үед төслийг хэрэгжүүлж байгаа үндэсний хөрөнгө оруулагч “Кью Эс Си” ХХК нь бүтээн байгуулалтын үед үйлдвэрийн ган хайлуулах хэсэгт анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулж байв.

Өөрөөр хэлбэл МАН Засгийн эрхэнд дангаараа 20 гаруй жил барихад Монгол Улс гангийн үйлдвэртэй болж чадаагүй нь бодит үнэн. Үүн шиг Эрдэнэт үйлдвэрийг Оросууд, Оюутолгойг Австраличууд байгуулсан. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн цогцолборыг үндэсний компани, монголчууд бүтээхээр зүтгэсэн ч эрх баригч намын 100 жилийн ойн босгон дээр ийнхүү хаалганы гадна үлдээж чадав. Үнэндээ, өнөөдөр Д.Эрдэнэбилэг, маргааш өөр хэн нэгэн үндэсний хөрөнгөтөнд төр төмөр нүүрээ харуулах нь дамжиггүй цаг үед хувийн хэвшлүүдэд “нар үзэх” итгэл төрнө гэж үү дээ.

Сэтгүүлч Д.Пүрэв

+ There are no comments

Add yours