Цэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр саадгүй нэвтрүүлдэг болно
Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төслийн агуулга нь цэргийн зориулалттай техник хэрэгслийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх юм байна.
Буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн батлан хамгаалах зориулалтын бараа, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрөл авахад олон хоног зарцуулдаг аж. Үүнээс болж буцалтгүй тусламжийн бараа, материал (зэвсэг техник, сум галт хэрэглэл, бусад төрлийн ар тал хангалтын материал)-ыг тээвэрлэн ирсэн техник вагон, онгоц, авто машин гаалийн хяналтын бүсэд удаан хугацаагаар хүлээлгэд зогсож олон тал оролцсон, төлөвлөсөн ажлууд хойшлох, саатах, төлөвлөгдөөгүй зардал гарах, бараа, материалын хадгалалтын горим алдагдах, төсөл, арга хэмжээний төлөвлөлт цуцлагдах зэрэг хүндрэл үүсдэг байна.
Сүүлийн жилүүдэд манай улс агаарын цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн техник, хэрэгслийг хүлээн авч байгаа ажээ. Удахгүй БНХАУ, ОХУ, БНЧУ-аас 40 орчим тэрбум төгрөгийн сум, галт хэрэглэл, техник хэрэгсэл авахаар болжээ. Түүнээс өмнө зэргийн зориулалттай техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэх процессыг хялбарчлах шаардлагатай гэж үзжээ.
Мөн манай улс олон улсын чанартай цэргийн хээрийн сургуулилт, дадлагыг сүүлийн 20 гаран жилийн хугацаанд нутагтаа тогтмол зохион байгуулжээ. Эдгээр хээрийн сургуулилт, дадлагад оролцохоор ирсэн улс орнуудын техник, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд хүндрэл үүсч, хугацаа алддаг байна. “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулах бараанд гаалийн байгууллага импортын гаалийн болон бусад татвар ногдуулж, хураан авч, төрийн сангийн тусгай дансанд байршуулна” гэсэн эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой мөнгөн дүнг байршуулах шаардлагатай болдог ажээ. Манай улсад зохион байгуулж буй цэргийн сургуулилтад оролцохоор ирсэн улс орнуудын техник хэрэгслийг хилээр нэвтрүүлээд буцаахын тулд Төрийн сангийн тусгай дансанд түр мөнгөн хөрөнгө байрлуулахыг шаарддаг гэсэн үг. Тухайлбал, 2021 онд зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ-ын хамтран зохион байгуулсан “Сэлэнгэ-2021” цэргийн хээрийн сургуульд оролцсон ОХУ-ын техник хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд Гаалийн тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд 600 сая төгрөгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулах шаардлагатай болжээ. Тиймээс хууль санаачлагчид Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дээрх хүндрэлийг арилгах нь зүйтэй гэж үзжээ. Уг хуулийн төслийг удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэх бололтой.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...