Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар болжээ

Засгийн газар ээлжит бусаар өнөө өглөө хуралдсан юм. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товложээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “40 мянган хүүхдээс 10 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадахгүй байх эрсдэл бодитоор нүүрлэсэн байв. Тэдний олонх нь хөдөөнөөс аймгийн төв рүү орж, шалгалтаа өгөх ёстой. Мөн тухайн үед 2400 орчим хүүхэд өвдсөн байв. ЭЕШ-аар ажиллах багш нар вакцинд бүрэн хамрагдаагүй байсан тул багш нарыг эрсдэлд оруулахыг хүсээгүй. Энэ онд ЭЕШ өгөх 40 гаруй мянган хүүхдийн 38.200 нь 17-18 насныхан буюу наймдугаар сарын 19-н гэхэд бүрэн тундаа хамрагдсан байх тооцоололтой байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд бүрэн тундаа хамрагдсан байх тул эрсдэл багатай гэж үзэж байгаа юм.

Эрдэмтэд хэрэв шалгалтыг хойшлуулаагүй бол 40 мянган хүүхдээс 12 мянга нь халдвар авах эрсдэлтэй гэсэн тооцоо гаргасан. Учир нь тухайн үед хүүхдүүд, ээж аавууд эхний тунгаа хийлгээд байв. Гэвч одоо ч дельта вирусны эрсдэл байсаар байна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжих шаардлага бий. Эцэг эхчүүдээс ЭЕШ-ыг цуцалж, шууд дүнгээр нь тооцон их, дээд сургуульд элсүүлэх санал их ирүүлсэн. Гэвч энэ жил улсын шалгалтыг цуцалсан тул өмнөх дүн, шалгалтаар нь дүйцүүлэх боломж байгаагүй” гэв.

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтад 40.420 шалгуулагч бүртгүүлжээ.

+ There are no comments

Add yours