Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлуулахаар боллоо

УИХ-ын чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа.


Иймд Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэлээ.

  • Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн төлбөрөө 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах,
  • Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах зээлдэгч нарын хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах юм.

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банкандаа хандана

Шинээр зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт гаргах зээлдэгч нар хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэр (банкны цахим хуудас, и-мэйл, ухаалаг гар утасны банкны апликэйшн, утас зэрэг)-ээр эсхүл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулах боломжтой гэж Монголбанкнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours