Ерөнхийлөгчид зориулах цэргийн парадад Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бие бүрэлдэхүүн оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-нд морин цагт тангараг өргөнө. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжээд байна.

Бид энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Цэргийн парадад Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцоно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй” гэлээ. 

Жагсаал зохион байгуулах төсвийн тухайд албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталсан Соёлын сайдын тушаалд Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт Цэргийн жагсаал зохион байгуулахад 500 сая төгрөг төсөвлөсөн байна.

МОРЬТ ЦЭРГИЙН ГУРВАН САЛБАР ОРОЛЦУУЛАХААР 3 АЙМГААС МОРЬДЫГ ТАТАЖ БАЙНА

Тэгвэл Зэвсэгт хүчний долоо хоног тутмын Соёмбо сонинд гарсан мэдээллээр Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3,200 цэргийн алба хаагч оролцоно гэжээ. Тодруулбал энэ жилийн Цэргийн ёслолын жагсаалд

  • Улаанбаатар цэргийн хүрээний Хүндэт харуул,
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн,
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчид,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабаас нэг,
  • ҮБХИС болон Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас тус бүр дөрөв,
  • Агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр,
  • Тусгай хүчний цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудаас гурав,
  • Холбоо, мэдээллийн технологийн хэлтсийн харьяа ангиудаас хоёр,
  • Хил хамгаалахын ерөнхий газраас гурав,
  • Дотоодын цэргийн штабаас болон Онцгой байдлын ерөнхий газраас тус бүр хоёр,
  • Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг,
  • Цагдаагийн ерөнхий газраас гурав,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэг,
  • Дотоод хэргийн их сургуулиас гурав, нийт 32 үндсэн салбар оролцох юм. 

Түүнчлэн Ардын хувьсгалын журамт цэргээс хойших цэргийн гурван үеийн төлөөлөл болсон явган салбар гурав, Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн Цэргийн ёслолын жагсаалд оролцсон салбаруудыг тус тус оролцуулах юм.

Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй.

Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна.

Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөсөн. Жагсаалын нэгдсэн бэлтгэл энэ сарын 11-ний өдрөөс ирэх сарын 9-ний өдрүүдэд хуваарийн дагуу явагдана гэж Соёмбо сонинд мэдээлжээ.

+ There are no comments

Add yours