Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Иймд Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Миний хүү Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд хамрагдсан асуудал цар тахалтай тэмцэх амаргүй үетэй зэрэгцэн олон нийтийн сүлжээнд шүүмжлэл, бухимдал дагуулж буйд иргэдээсээ хүлцэл өчье.

Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн оюутан болж, амьдралынхаа шинэхэн хуудсыг дөнгөж нээгээд буй хүүгийнхээ өмнөөс аав нь энэхүү шийдвэрийг гаргахад хүрсэн шалтгааныг хожмын өдөр хүү минь ойлгоно гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн жил хүүгээ Их Британийн Бристолын их сургуульд хэний ч дэмжлэггүй тэнцээд хэрхэн догдолж байсныг аав нь мэднэ. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн сонгон шалгаруулалтад бэлдэхийн тулд сүүлийн 2-3 жил хүүгээ яаж хичээснийг ч сайн мэднэ.
Өөрийнхөө хүсэл зорилго, мөрөөдлийн төлөө олон шөнийн зүтгэлээрээ, бүхнээ дайчлан хичээсний үр дүнд дэлхийн шилдэг сургуулийн шалгуурыг давж элсээд, Боловсролын зээлийн нөхцөл болзолыг хангасан тухай хөөр баяртайгаар аавдаа хэлэхэд нь эцэг хүний хувьд би
“Аавынх нь улс төр, нэр хүндэд сөргөөр нөлөөлнө”, миний хүү наадахаа боль гэж хэлж зүрхлээгүй юм. Учир нь улстөрч Амарсайханы биш ирээдүйдээ итгэл дүүрэн Эрдэнэхүслэнгийн зорилго, хичээл зүтгэлийн үр дүн байсан.
Эцэг, эхчүүд бид үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг хорьж цагдах учиргүй, бусдын төдийгүй улс орныхоо өмнө хариуцлага үүрэх чадвар суулгаж, ялангуяа өөрсдийн эрх ашгийн үүднээс өмнөөс нь шийдвэр гаргах ёсгүй учраас тэр.
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх 20 чиглэлээр дэлхийн шилдэг 100 их сургуульд тэнцсэн тохиолдолд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл олгодог журамтайг бүгд мэднэ. Миний хүү ч тэдний нэг учраас ичиж, эмээх шаардлага байхгүй. Энд түүний буруу гэж огт үгүй.
Харин аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй.
Үүнийхээ ч төлөө эцэг хүний гэмшлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч сууна. Эцэг хүн үрийнхээ өмнө гэмших амар байдаггүй аж. Хожим ийм байдалд хүү минь бүү ороосой гэж аав нь бас хүсч байна.
Иймд энэ удаа хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна.
Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёс зүйн алхам хийгээд ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, хөтөлбөрөөс татгалзаж байна.
Бизнесийн салбарт ажиллах хугацаандаа олон зуун оюутны сургалтын төлбөрийг хариуцаж, залуусын эрдэм боловсролд хөрөнгө оруулж ирсэн аавынх нь хувьд хүүгийнхээ сургуулийн төлбөрийг улсын зээлээр төлүүлэх санаархал байхгүйг хүү минь мэднэ. Хүү шигээ олон залуусын боломжийг хулгайлахгүйг ч бас мэднэ. Энэ нийгмийн эрхэм үнэт зүйлс болсон хүүхэд залуусынхаа итгэл, урам зоригийг мохоох зүйл хийхгүй.
Хүүгийн минь ирээдүй, хүүтэй минь адилхан мянга мянган залуусын ирээдүй саруул байг!
Өөрсдийн мэдлэг чадвараа үнэлүүлэн дэлхийн ТОП их сургуульд элсэж, төрийн дэмжлэг авч байгаа олон аавын хүү, ээжийн охин ААВ, ЭЭЖ НЬ төрд зүтгэж ДАРГА байсны нь төлөө бусдад бүү буруутгагдаж адлагдаасай гэдгийг хэлэх байна…” гэжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...