Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна.
Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа.
Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу?
Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна.
Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу?
Мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна.
Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг авч болж байгаа бол цаашдаа ээлж дараалан зургаа, зургаан сараар Ерөнхий сайд болоод өөрөө өөртөө гарын үсэг зурж, газрын баялгийг авах боломж байгаад байх ёстой юм уу?
УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Та шударга ёсны тухай үг хэлсэн. Таны хэлсэн үгтэй энэ тангараг өргөх ёслол уялдаж байгаа юм уу? Монгол Ардын намын бүлэг энэ асуудлыг хүч түрж оруулж ирэх хэрэг байсан юм уу? Сөрөг хүчин энэ асуудлаар ямар бодолтой байна вэ?
УИХ бол бага ард түмэн, ард түмний төлөөлөл гэж бид ярьдаг байсан. Гэвч өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгууль мөнгөөр явдаг болсон. Сүүлийн 20, 30 жилийн турш ярьсан бодлогын үр дүнд ард түмэн ядуу болсон. Халамж өгч, зориудаар ядууруулсан. Сонгуульд уул уурхайн мөнгө орж ирдэг болсон. Тийм учраас энэ УИХ бол бага ард түмэн биш болсон шүү.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гээд “ЖДҮ”-чдийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл гар гараасаа барьсаар байгаад, 50 орчим хүнээс хасагдсаар байгаад гурав, дөрөв нь л ял авсан.
Би УИХ-ын ээлжит бус чуулган зарлая гэсэн санал оруулахад Д.Тогтохсүрэн дарга МАН-ын бүлгээр ярилцана гэсэн ч зарлаагүй. Өрх бүрд нэг сая төгрөг өгөх асуудлыг ярья гэсэн ч яриагүй. Цар тахлаар улстөржихөө больё, намчирхахгүйгээр ард иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж ярьсан ч хэрэгжээгүй.
Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү. Тэртээ тэргүй гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шүүхийн шинэчлэлийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороог УИХ мэдэлдээ авсан шүү дээ. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг авсан. Асуудлаа нэг талд нь гаргачихаад тангараг өргөж болдоггүй юм уу? Би ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм” гэлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан тушаалаасаа огцорч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Засгийн газрын тогтоол гарган нөхөх олговрын талбайн солбицол баталж өөрийн харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулан “Элбэг орд” ХХК-д стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайт ордын хилийн дотор “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” талбайг тус тус олгож, улмаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ж.Эрдэнэбат өөрөө 31 хувь, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувийг нь тус тус эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдсон байна.
Уг хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлж, төрийн хамгаалалтад авч хаацайлах гэж буй явдлыг дэмжихгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх эрх мэдлийг Улсын Их Хурал буюу угтаа эрх баригч нам, түүний улс төрчдөөс нэн хамааралтай болгож, шүүх болон шүүгчдийг хууль бусаар тагнан чагнаж, нөлөөлөл үзүүлсний улмаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд суллагдах, ял завших боломж бүрдээд байна гэж үзэж байна.
Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөснөөр хуулийн хамгаалалтад орж, холбогдсон гэмт хэргийг нь шударгаар шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.
Улсын Их Хурлын дарга Та гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, нийгмийн шударга ёсны захиалгыг хангах, шударга ёсны “цангаа”-г тайлах, шударга, хараат бус шүүхтэй болох ёстой” гэж мэдэгдсэн билээ. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Ж.Эрдэнэбатыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хамгаалалтад авч байгаа нь таны ам, ажил зөрж байгааг нотолж байна.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол энгийн нэг хулгайлах гэмт хэрэгтэй жиших аргагүй, улс орны аюулгүй байдалд заналхийлдэг хор уршигтай гэмт хэрэг. Монголын ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалддаг сайд гуай” хэмээх дуу хүртэл зохиож, хойч үедээ анхааруулж ирснийг мартаж болохгүй.
Иймд Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг нь эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлэх гэж байгааг таслан зогсоож, хойшлуулах саналтай байна” гэжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
More Stories
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна
Манай улсад Телеграмм аппликейшн ашиглан бусдыг залилах гэмт хэрэг олширсоор байна.Тухайлбал, 2024 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ...
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцууллаа
2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын Яамнаас танилцууллаа. Ирж буй хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй байхаар батлагджээ. Тодруулбал өвлийн амралтыг нэг...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...