Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон, ахмадууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
Дэлхий нийтэд коронавирусын цар тахал тархаж эхэлсэн үеэс уурхайчдаа, уурхайчдынхаа гэр бүлийг хамгаалах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг хохирол багатай даван туулах зорилгоор Төв штаб, чиглэл хариуцсан штабуудыг байгуулан хөтөлбөр, төлөвлөгөөтэйгээр ажиллаж ирлээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс орон даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ цаг үед бид үйлдвэрийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангаж, уурхайчид, хамт олноо хамгаалах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нийгмийн чиглэлийн зарим цех, нэгжийн үйл ажиллагаа зогсоод байгаа ч нэг ч ажилтныг сул зогсолтод оруулалгүй, ажил үүргийн зохицуулалт хийж, хөдөлмөр, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Миний бие та бүхэндээ хандан 7 сарын дараа 2 дахь захидлаа бичиж байна. Энэ хугацаанд коронавирусын цар тахлын улмаас дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн хямрал үүсэж, дэлхийн томоохон компаниуд ажлын байраа цомхотгох, цалин хөлсөө бууруулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээ авч байна.
Харин Эрдэнэт үйлдвэр энэ цаг үед уурхайчдынхаа, хамт олныхоо, ахмадуудынхаа нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, ажилтан, ажилчдынхаа үндсэн цалинг 06 дугаар сарын 01-нээс 10 хувиар нэмж, Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтандаа гарсан 2,500 гаруй ахмадын тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар өсгөлөө.
Бид нэгдмэл байж, нэг зорилгын төлөө хамтдаа нэг баг болон ажиллаж чадсаны үр дүнд 2019 онд түүхэндээ тэмдэглэх олон бахархалт амжилтуудыг гаргасан. 2020 онд ч дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн ажлуудаа эхний 10 сарын байдлаар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 725.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь уурхайчид, хамт олны маань хамтын хүч, эв нэгдэл, хөдөлмөр зүтгэлийн үр дүн байсан гэдгийг онцлон тэмдэглэе.
Монгол улсад, Эрдэнэт хотод коронавирусын халдвар илэрч, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон та бидэнд, бидний гэр бүл, ойр дотныхонд маань өндөр эрсдэлтэй, амаргүй, хүндхэн цаг үе тулж ирлээ.
Энэ цаг үед бид халдваргүйжүүлэлт, ариутгалын бүхий л шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хэд хоногт үйлдвэрийнхээ бүх ажилтан, ажилчдыг коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлогоонд хамруулахад хариу бүгд сөрөг гарлаа. Богино хугацаанд зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд идэвхитэй, зохион байгуулалттай оролцсон уурхайчид, хамт олондоо гүнээ талархаж байна.
Цаашид уурхайчид, хамт олон маань Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөгөө, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөж, та бидний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахаар цаг, наргүй ажиллаж буй төрийн албан хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлж, хүн бүр хариуцлагатай байх нь хамгаас чухал байна.
Шинэ он гарахад сар гаруйхны хугацаа үлдлээ. Энэ багахан хугацаанд бид 2020 оныхоо үйлдвэрлэлийн болон эдийн засгийн төлөвлөгөөт зорилтоо бүрэн ханган биелүүлэхийн төлөө улам чармайж, хичээнгүйлэн ажиллах болно оо.
Манай багийн гишүүн бүр, тодруулбал уурхайчид, хамт олон, ахмадууд та бид сэтгэл санаагаа нэг байлгаж, эв нэгдлийг ханган, сахилга дэг журмыг ягштал баримтлан, үүсээд байгаа нөхцөл байдалд тайван, мэдрэмжтэй, ухаалгаар хандан ажиллаж, амьдрах цаг үе ирээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сүүлийн 20 гаруй жилд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэн 224 дүгээр тогтоол гаргаж, 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг сайшаан дэмжсэн. Энэхүү үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 262 дугаар тогтоолоор баталсан юм. Улсын Их Хурлаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг баталсан.
Дээрх баримт бичигт Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн болон шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тусгагдсан болно. Эдгээр нь Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болсон.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон та бид хоногт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 2.2 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байна. Цаашид үндсэн чиглэлд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 2025 онд хоногт 13.7 тэрбум төгрөгийн, 2028 онд хоногт 31.2 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллах боломж бүрдэнэ.
Та бид өнөөдрийнхөө амжилт, үр дүнгээр ирээдүйнхээ хөгжлийн баталгааг бий болгон ажиллаж байна. Бидний хөдөлмөрийн үр дүнгээр улс орны хөгжил, дэвшил тодорхойлогдоно. Монголчууд бид “Эзэн хичээвэл заяа түшнэ” гэдэг дээ. Коронавирусын цар тахал нүүрлэсэн энэ амаргүй цаг үед уужуу тайван байж, халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, хүндрэл, бэрхшээлийг нэр төртэйгээр даван гарахыг нийт уурхайчид, хамт олон Та бүгдээсээ хичээнгүйлэн хүсч, УРИАЛЖ байна.
Хүндэтгэсэн,
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН,
ТЕХНИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР (Sc.D) Х.БАДАМСҮРЭН
More Stories
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
“Оюу Толгой” төслийн Монголд ногдох өгөөжийг 60 хувиас нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сард “Оюу Толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулахаар “Оюу Толгой” ХХК болон “Рио...
Сурагчид нэгнийгээ зодож, бичлэг хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна
Цахим орчинд нийтлэгдсэн үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой бичлэгийн дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах тодруулга мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллагаас цахим...