А.Ариунзаяа: МСҮТ-д суралцагчдын сар тутмын 200 мянган төгрөгийн тэтгэлэгт 72 тэрбум төгрөг төсөвлөсөн

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар /2020.10.16/ Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын хэд хэдэн гишүүн МСҮТ-ийн талаар асуулт тавьсан бөгөөд энэ талаар гишүүдийн асуулт, холбогдох сайдуудын хариултаас тоймлон хүргэж байна.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, МСҮТ-д сурахад сар тутам 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байна. Энэ тэтгэлэгт насны хязгаар заагаагүй учир 60, 70 настай хүн ч сурч байгаа нь эдийн засагт өгөөж багатай. Тиймээс энэ бодлогоо эргэн хараач гэсэн хүсэлтүүд ирсний дагуу МСҮТ-д сурах насны хязгаарыг 45-аар тогтоосон. Мөн хөдөлмөрийн зах зээлд гарахад ажилтай нь уялдуулахад анхаарч mergejil.mn сайт ажиллуулж байна. Одоогийн байдлаар МСҮТ-д 36 мянган суралцагч сурч байгаа ба тэтгэлэгт 72 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Их дээд сургуульд өнөөдөр 140 мянган оюутан сурч байна. 100 мянган хүнд ногдох оюутны тоогоороо Монгол Улс дэлхийд 1-рт орж байна. МСҮТ-д 40 мянган сурагч суралцаж байна. МСҮТ болон их дээд сургуулийн оюутны тооны байрыг солих ёстой гэсэн бодлого барьж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал, МСҮТ-д 200 мянга бол тос дэмжлэг. Алсдаа том компаниуд дэргэдээ МСҮТ байгуулж, төгсөгчдөө ажилд авна. Энэ бол Герман улсын туршлага. Ийм хуулийн төсөл удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ. Төслийг Засгийн газар дэмжих үү?

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Германы жишгээр компанийн дэргэд МСҮТ байгуулах боломжтой. Төмөр зам дэргэдээ МСҮТ-тэй. Германы загварыг Монголд хэрэгжүүлэх ажилд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг манай улсад ажиллаж байна.

 

+ There are no comments

Add yours