Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Ерөнхий сайдын зүгээс дараах үүрэг, чиглэлийг өгч байна.
- “Коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг иргэд олон нийтэд сурталчилж, хэрэгжилтийг нь сайтар зохион байгуулах ажлыг УОК-оос хангаж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
- КОВИД-19 вирусын халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын чадавхийг бэхжүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахыг дахин сануулж байна. Монгол Улсын Засгийн газраас нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Бид хэдий чинээ бэлтгэлтэй байна, төдий чинээ аюулыг холдуулна гэдгийг хүн бүр дотроо бодож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах зайлшгүй шаардлагатай. Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөөц, боломжоо зөв тооцоолох, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд эм бэлдмэл, тоног төхөөрөмж, оношлуур, хамгааллын хувцас хэрэгслийн хангамжийг бүрэн хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг сайшааж байна. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хуваарилалтыг оновчтой байлгахад ихээхэн анхаарах шаардлагатай. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмч, сувилагч нараас бүрдсэн томилгоот баг ажиллуулах бэлэн байдлыг хангасан байх ёстой. Монгол Улсад хийж байгаа эмчилгээний арга барилыг сайжруулахад ашиглах эмч, сувилагч нарыг олон улсын онлайн сургалтанд хамруулах ажлуудыг ЭМЯ, сайд нар зохион байгуулж, эмч, эмнэлгийн ажилчдыг бэлтгэх хэрэгтэй. Эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжих арга хэмжээг авах нь чухал юм. Өвчтөнтэйгөө 14 хоног хамт тусгаарлагдана. Дээрээс нь 14 хоног ХӨСҮТ-д ажиглалтын байранд эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байгаа. Үндсэндээ нэг сар хорио цээрийн дэглэмд байгаа хүмүүс. Иймд эдгээр хүмүүсээ сайтар харж хандах ёстой. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс болон тэдний ар гэрт тодорхой хэмжээний мөнгөн урамшуулал олгох чиглэлээр судалж, Засгийн газарт танилцуулахыг УОК-ын даргад үүрэг болгож байна.
- Улс, нийслэл аймгийн түвшинд КОВИД-19 халдвар тархах эрсдлийн үнэлгээг тогтмол, үе шаттай хийж, эрсдэлд суурилсан төлөвлөгөөг тухай бүрт тодотгож, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжилтийг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатай. Зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлуудыг тархаахгүй байх ажлыг ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд сайтар зохион байгуулж байна. Гэвч нөхцөл байдал хүндэрч, халдвар тархсан тохиолдолд манай орон нутгийн мэргэжлийн байгууллагууд хэр бэлтгэлтэй байгааг бодитоор үнэлж, шаардлагатай арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарал хандуулан ажиллахыг аймаг, нийслэл, сумдын онцгой комиссын дарга нарт чиглэл болгож байна.
- Халдварын болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэн, ААН, байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, бүх түвшинд дайчилгаа зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангасан байх ёстой. УОК-оос тавдугаар сарын эхэнд Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад КОВИД-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтыг зохион байгуулсан. Энэ маш сайшаалтай зүйл. Энэ сургалтыг бусад аймгуудад үе шаттай зохион байгуулах нь зүйтэй. Иргэдийнхээ сэтгэлзүйг бид бэлдэх ёстой. Энэ бол цар тахал. Үхэх сэхэхээ үзэж байгаа ийм цаг үед бид амьдарч байна.
- УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд халдвараас урьдчилан сэргийлэх, сонгогчдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор холбогдох заавар, зөвлөмжийг СЕХ-нд өгч, УОК хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Зургаадугаар сарын 2-ноос эхлэн ээлжит сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа албан ёсоор хуулийн дагуу эхэлнэ. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах зорилгоор иргэдтэй уулзалт сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах ёстой. Энэ үеэр анхаарал сонор сэрэмжтэй байх хэрэгтэйг дахин анхааруулж байна.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...