Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа.
Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилсан байна.
Тэрбээр 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн тухай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болсныг тэмдэглэжээ.
Энэ тухай тэрээр, “БНАСАУ, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувиршгүй, тууштай бодлого юм. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэхүү харилцаанд ач холбогдол өгч, онцгой анхаарлаа хандуулдаг” гэлээ.
Элчин сайд О Сын Хо парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг онцлоод, энэ онд төр, засгийн түвшний төлөөлөгчдийн хэд хэдэн айлчлал болох гэж байгааг дурдсан байна. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урьжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд парламентын зүгээс болон хувиасаа онцгой анхаарал тавих болно гэдгээ илэрхийлээд, “Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн даргын хувиар танай улсад айлчилж байсан. Дараа нь Гадаад харилцааны сайдын хувиар бас очиж, хоёр орны бүх талын найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцож байснаараа бахархдаг. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ирийн гарын үсэгтэй, хувийн талархлын захидлыг Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам надад гардуулж байсан. Захидалд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын амжилтыг онцлон дурдсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа” хэмээлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал, БНАСАУ-ын Ардын Дээд Хурал хамтран бүс нутгийн улс орнуудын парламентын чуулганыг Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, асуудлыг эв зүйгээр, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх зэрэг тодорхой сэдвийн хүрээнд, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжих чиглэлээр Монгол Улсын нийслэлд зохион байгуулах саналтай байна гэлээ.
Энэ үйл ажиллагаанд БНСУ-тай хамтарч ажиллах боломж бийг мөн онцлов. Түүнчлэн 2018 онд Сингапурт, 2019 онд Вьетнамд болсон Дээд хэмжээний уулзалтыг ирэх онуудад Улаанбаатарт зохион байгуулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн юм.Тэрбээр БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлалын үеэр замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр, засаг, ард түмэн талархах болно гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...