Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Эх сурвалж: mnb.mn

Шуурхай бүлэг 2019 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле удирдсан энэ удаагийн хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албан тушаалтан, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, Шуурхай бүлэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлыг Засгийн газар, Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэх болохоо илэрхийлэв.

Засгийн газрын 2018 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын А/284 дүгээр захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажилласан байна. Уг тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639,5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэжээ.

Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр 2 дугаар сарын 12-наас эхлэн Шарга суман дахь аюулгүйн нөөцийн агуулахад хадгалж буй өвсийг хямдруулж 7000 төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байна.

Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй зургаан худгийг Есөнбулаг, Дэлгэр, Халиун, Тонхил, Шарга, Чандмань суманд гаргасан. Мөн малчдын санаачилга, хувийн хөрөнгөөр Алтай, Бигэр, Дарив, Тонхил, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг гэсэн найман суманд нийт 20 энгийн худаг гаргаж, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр гамшгийн сангийн хөрөнгөөс 80 тоннын багтаамжтай аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн агуулахыг шинээр барьж, ашиглалтад оруулаад байгааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат хэллээ.

Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шууран, 2 дугаар сарын эхний арав хоногт цас үргэлжлэн орж, хүйтний эрч чангарч, цасны зузаан нэмэгдсээр өвөлжилт, хаваржилт хүндрээд байна. 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгаар 1-7 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа юм. Цасны зузаан Есөнбулаг суманд 7 см, Төгрөг суманд 6 см, Хөхморьт, Тайшир суманд 5 см, Тонхил, Дарив, Жаргалан, Халиун, Шаргад 4 см, Баян-Уул, Гуулин, Цогт, Цээл суманд 3 см, Тоорой, Бигэр, Дэлгэр, Эрдэнэ суманд 2 см, Бугат суманд 1 см байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад, 2019 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага байна гэж үнэлжээ.

Тус аймгийн 18 сумын 87 багийн 7106 малчин өрхөд 3,5 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байна. Дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан малын тоо 998,4 мянган толгойд хүрчээ.

Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутагт 46 өрхийн 35.3 мянган толгой мал, хилийн зурваст 81 өрхийн 75 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 197 өрхийн 105.4 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 14 өрхийн 8.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 136 өрхийн 81.4 мянган толгой мал, нийт 474 өрхийн 306 мянган толгой мал отроор хаваржиж байна.

Энэ хавар тус аймагт нийт 1 сая 570 мянган эх мал төллөхөөс одоогийн байдлаар 8.2 мянган мал төллөж, төл бойжилт 94 хувьтай байна. 2018 оны зуншлага оройтож, бэлчээрийн гарц тааруу байж, одоогийн байдлаар нийт нутагт цасан бүрхүүл тогтсоны улмаас мал сүрэг өвс, тэжээл, эрдэс, амин дэмийн дутагдалд орж, хорогдох эрсдэл үүсчээ. 2019 оны 3 дугаар сарын 2-ны байдлаар Говь-Алтай аймаг малын халдварт, гоц халдварт өвчнөөр тайван байна. Энэ оны малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 1 сая 932,1 мянган малыг хамруулахаар төлөвлөсөн гэж Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Мэдээллийн хүрээнд, тавдугаар дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны хугацаанд үргэлжлэх мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтэл хийх, мал хорогдож буй шалтгааныг нарийвчлан тодруулах, бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж буй мэрэгч амьтан, хортон шавжтай тэмцэх зардлыг заасан бүс нутагт оновчтой зарцуулах, үржлийн ажлыг үр дүнтэй явуулах нь зүйтэй талаар ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд зөвлөв.

Аймгийн Эрүүл мэндийн газраас отор нүүдлээр хаваржиж буй малчид, тэр дундаа жирэмсэн эмэгтэй, ,0-5 насны хүүхэд, 65-аас дээш насны ахмад настан, архаг суурь өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 14 хоногийн давтамжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүрч үйлчилж байна. Энд нэг зүйлийг тодруулахад, өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд байгалийн онц аюулгүй үзэгдэл болсны улмаас тус сумын Эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй нөхцөл байдал тулгараад байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг Эрүүл мэндийн яаманд уламжлаад байгаагаа холбогдох албаны хүн мэдэгдэв.

Говь-Алтай аймгийн онцгой комиссын өнөөдрийн хуралдааныг удирдсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол, Улсын онцгой комиссын 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 01 албан даалгавар зэргийг танилцуулсан.

Хаваржилт хүндэрсэн Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад үнийг нь 50 хувь хямдруулан улсын нөөцөөс олгох 4000 тонн өвс, 3000 тонн тэжээлийн үнийн зөрүүг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр олгож буй өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалахгүй байхад мэргэжлийн байгууллагууд хамтарч хяналт тавин ажиллаж байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар бүх сумаас захиалга авахад, одоогийн байдлаар 500 тонн өвс, 450 тонн тэжээл шаардлагатай байгаагаас 320 тонн өвс, 300 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгохоор Засгийн газрын тогтоолын хавсралтад тусгагджээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ оны 2, 3, 4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөвтэй байгаа юм. Тиймээс Улсын онцгой комиссоос ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалахын сайд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгчээ.

Тэр дундаа аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хавар, намрын хуурайшилттай үед ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг илрүүлэх, шуурхай мэдээлэх, унтраах зорилгоор эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэг ажиллуулахыг даалгав. Мөн иргэд болон байгаль хамгаалагчдын оролцоотой урамшуулалт морин эргүүлийг зохион байгуулах, алслагдсан суурин айл өрхүүдийг урамшуулах хэлбэрээр мэдээ мэдээлэл тогтмол авах зэргээр үүрэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын Төсвийн багцад зохицуулалт хийх тухай тогтоолын дагуу 2018 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд хүчтэй салхи шуурганы улмаас учирсан хохирол барагдуулах зардлыг Шадар сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхээр болжээ.

Хуралдааны төгсгөлд, Говь-Алтай аймгийн хувьд Онцгой байдлын газарт ковш, шуурхай албаны фургон автомашин шаардлагатай байгааг Шуурхай бүлэгт уламжиллаа. Уг асуудлыг Засгийн газар, Улсын онцгой комисст хандан шийдвэрлүүлнэ гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле хэллээ. Тэрбээр, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах, малын халдварт, гоц халдвартай өвчинтэй хамтарч урьдчилан сэргийлэх, тэмцэх, малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулах, улсын нөөцийн өвсний чанарт цаашид анхаарах зэргээр тодорхой асуудлаар үүрэг даалгавар өгсөн юм.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцав. Тус газрын даргын 2019 оны А/01 тоот тушаалаар мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байх шуурхай штаб байгуулан ажиллаж байна. Шуурхай штаб долоо хоног тутамд мэдээллээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газарт хүргүүлэн ажиллаж байгаа юм.

Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хэдий ч орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, компьютер, техник хэрэгслээр хангах, мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд туулах чадвар сайн, ариутгал халдваргүйтгэлийн автомашин хэрэгтэй байгааг энэ үеэр Шуурхай бүлэгт уламжилсан. Асуудлыг сонссон Дэд сайд Ж.Сауле мал эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн дараагийн ээлжийн автомашинуудаас Говь-Алтай аймгийн ХХААГ-т хүлээлгэн өгөхөө хэлээд, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өгөв.

Тухайлбал, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын биелэлтэд хяналт тавих, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай нягт хамтран ажиллаж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд биелүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг мөрдөн ажиллахыг даалгалаа.

Мөн Төрийн албаны тухай хуулийг чанд баримтлан, төрийн албаны шатлан дэвших тогтолцоог удирдлага болгож, мэргэжлийн, туршлагатай хүнийг томилон ажиллуулах, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг салбарын хууль тогтоомжоо сайтар судалж, мөрдөх нь зүйтэй гэв. Түүнчлэн төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглах, малын аливаа өвчний талаар нарийвчлан судлах, мэдээлэлтэй байх, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар ажлаа хоорондоо уялдуулахыг хүссэн юм.

+ There are no comments

Add yours