Хуульчид шүүхэд юуны учир хандав

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн сангаас олгогдсон төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий субьектүүдэд олгогдсон зээлийн маргааны хүрээнд өрнөж буй нөхцөл байдалд хуульчид ямар арга хэмжээ авч, ямар байр суурь баримталж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуульч Ж.Эрхэмбаатар “Олон улсад хуульчдын хөдөлгөөн олон нийтийн эрх ашгийн төлөө явж байдаг. Бид хуульчид гэх тодотголоороо нэгдэн олон нийтийн эрх ашгийн төлөө хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлээд байна.

Үүнд Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын үр дагаврыг олон нийтэд таниулах, Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гишүүд шаардлага хангахгүй буй талаар мөн олон нийтэд хандаж стратегийн өмгөөллийг гүйцэтгээд байна. Эдгээр ажлын хүрээнд бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах бололцоотой тал дээр төвлөрөн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаад байна.

Үндэслэлээр Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын гаргасан гурван тушаал байна. Эдгээр тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна.

Дараагийн нэг хэрэг нь ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай журам баталсан байдаг. Энэхүү журамд тодорхой хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн байсан иргэдийн тэнцсэн аж ахуйн нэгжийн төслөөс санхүүжилт авах бололцоог нь хааж, одоогийн маргаан дагуулаад буй 134 аж ахуйн нэгжийн шинээр төсөл авах үүд хаалгыг нээсэн тушаал гарсан байна. Энэ актыг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөөд байна” гэв.

Хуульч, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир “Хуульчид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж буй үйл ажиллагааны нэг ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан явдал юм.

Үүнтэй холбогдуулан “Онч Шийдэл” ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 5 сарын 14-ний “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнууд “ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх” үүссэн явдал юм.

Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм” гэлээ.

Иймд эдгээр нэхэмжлэл, шаардлагыг хүргүүлж шийдвэрлэснээр хууль бусаар олгогдсон зээл буцаан төлөгдөх боломжтойг хуульчид онцолж байлаа. Мөн энэхүү хөдөлгөөнд ард иргэд, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарынхныг дуу хоолойгоо нэгтгэж, хамтран тэмцэхийг уриалаад байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэл:

+ There are no comments

Add yours