Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

 “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд ХНХЯ арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар бууруулж ирлээ.2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 16-наас Төрийн болон ХААН банктай хамтран тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

Дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж буй юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэн” хэмээн салбарын сайд C.Чинзориг хэллээ.

Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас  сар бүр тэтгэвэр авч байна. Харин тэдгээрийн 60 хувь буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авчээ.

+ There are no comments

Add yours