“Заавал яагаад Америк, тэр дундаа хөрөнгийн зах зээл вэ” гэдэг асуулт гарч болох юм. Өнгөрсөн жил манай үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш огцом суларсан. Ам.долларын ханш огцом өсөхөд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого дам нөлөөлсөн нь эргэлзээгүй. Үүнд, дэлхийн худалдааны дайн буюу тарифын маргаан, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмсэн асуудлыг дурдаж болох юм.
Өнгөрсөн оны аравдугаар сараас манай төгрөгийн ам.доллартай харьцах ханш бараг 600 төгрөгөөр суларсан. Монголбанк бүтэн жилийн турш нийтдээ 1.4 тэрбум ам.долларын интервенц хийгээд ханшаа буулгаж чадаагүй. Монголбанкныхан ханш суларсан шалтгаанаа гадаад хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байсан. Үндэсний валютын ханш суларсныг 100 хувь гаднаас болсон гэж үзэж хэрхэвч болохгүй.
Гэвч ирэх жил АНУ-ын эдийн засаг ямар байхаас дэлхийн эдийн засаг, цаашлаад Монгол Улсын эдийн засаг ихээхэн шалтгаална гэдэгтэй санал нэг байгаа юм. Америкийн эдийн засгийг дүгнэхийн тулд эхлээд хөрөнгийн бирж, хөдөлмөрийн зах зээлийн байдлыг тандах ёстой. АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт эерэг дүнтэй гарч байгаа талаар Холбооны нөөцийн сангийн албаныхан өнгөрсөн сард мэдэгдэл хийсэн. Тиймээс энэ удаа хөрөнгийн зах зээлийн төлөв байдлыг шинжилж үзье. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индекс макро эдийн засгийн үзүүлэлтүүдээсээ шууд хамаарна.
Өнгөрсөн жилийн аравдугаар сарын эхнээс оны төгсгөл хүртэл S&P500 индекс (Нью-Йорк дээр арилжаалагдаж байгаа шилдэг компаниудын хамтын үнэ цэнийг илэрхийлдэг индекс) 15.6 хувиар, харин бүтэн жилийн дунджаар 8.2 хувь буураад байгаа билээ.
Гэсэн хэдий ч он гараад Америкийн зах зээл дээр эерэг хандлага ажиглагдаж эхэллээ. Шинэ оны эхний найм хоногт S&P500 индекс 2.85 хувь өсөөд байна. Энэ чиг хандлага 2019 оны турш үргэлжлэх үү. Эсвэл өнгөрсөн оны эцсээр мэдрэгдсэн “Баавгайн зах зээл” буюу огцом уналт дахин тохиох уу гэдэг асуулт шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байна. Энэ асуултын хариултыг олохын тулд дэлхийн номер эдийн засагт сөргөөр нөлөөлж болох дараах дөрвөн эрсдэлийг авч үзэж болох юм.
- Бодлогын хүү нэмэгдэх эрсдэл. Америкийн Төв банк буюу Холбооны нөөцийн сан 2018 онд бодлогын хүүгээ нийт дөрвөн удаа 1.5 хувиас 2.5 хүртэл нэмсэн. Энэ нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Холбооны нөөцийн сан цаашид авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогын талаараа мэдэгдэл хийсний дараа санхүүгийн зах зээл түр боловч тайвширсан гэж хэлж болно.
- Инфляц нэмэгдэх эрсдэл бий. Холбооны нөөцийн сан мөнгөний бодлого чангаруулах гол шалтгаан нь инфляцыг тогтворжуулах явдал байсан юм. 2018 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр cap хүртэл инфляц 2.1 хувиас 2.5 хувь хүртэл нэмэгдсэн бөгөөд зун 2.9 хувьд хүрч байв. Аливаа улсын Төв банкны гол үүрэг бол үнийн тогтвортой байдал буюу инфляцыг онилсон бодлого явуулах байдаг. Зах зээл өндөр хөгжсөн, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орны хувьд инфляцын асар бага хөдөлгөөн ямар их ач холбогдолтой байгааг эндээс харж болох юм.
- Засгийн газрын бондын өгөөж. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын эхээр гурван жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж таван жилийн хугацаатай үнэт цаасны өгөөжөөс илүү гарсан билээ. Үүнийг 1955 оноос хойш АНУ-д эдийн засагт гараагүй ноцтой үзүүлэлт буюу хямралын дохио хэмээн үзсэн. Гэвч хоёр ба 10 жилийн хугацаатай бондын өгөөжид гарсан өөрчлөлтөд шинжилгээ хийж үзвэл зах зээл хэвийн байна гэж дүгнэж болохоор байгаа юм.
- Эдийн засгийн мөчлөг 10 жил тутам давтагддаг гэх болгоомжлол бий. Гэвч хямралын түүхийг судалж үзвээс, арав арван жилд заавал тохиолдоод байдаг гэж батлагдахгүй байгаа юм.
Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт 2019 оны турш үргэлжлэх үү гэдэг асуултад дараах эерэг нөхцөл байдлууд хариулт өгнө.
Зах зээлийг хүний сэтгэл хөдлөл удирддаг гэж ярьдаг. Энэ талаар тэрбумтан Жон Темплтоны зөвлөмж байдаг. Тэрбээр “Бухын зах зээл” буюу өсөлт хөрөнгө оруулагчийн гутрангуй үзэл дээр шинээр үүсэж, эргэлзсэн байдал нь өсгөн нэмэгдүүлж, өөдрөг үзэл нь улам хөөргөн дэвэргэж, ялалтаа тэмдэглэх тэр мөчид үхлийн цохилт, уналт ирдэг” гэж тодорхойлсон байдаг.
1990 оны сүүлээр интернет компаниудын хувьцааны огцом өсөлт болон 2005-2007 онд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээрх хөөсрөлт 2000-2001, 2008-2009 оны эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болсон бөгөөд яг дээр өгүүлсэн Жон Темплтоны схемийн дагуу явагдсан байдаг. Тэгвэл өнөөдөр зах зээлийн уналтад хүргэж болзошгүй өдөөгч буюу аль нэгэн салбарт хэт хөөсрөлт ажиглагдахгүй байна. Үл хөдлөх хөрөнгө, аж үйлдвэрлэл, түүхий эдийн салбарт хангалттай үнэлгээ хийгджээ.
Эдийн засгийн хямралын өмнө бий болдог зургаан гол үзүүлэлтийг судлаачид маш их анхаарч үздэг. Тухайлбал, Үр ашгийн муруй (Yield Curve) болон үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага (PMI) нь хямралын өмнөх үед ажиглагддаг анхаарал татах хэмжээнд хүрээгүй байгааг тооцон гаргажээ. Альнэгүзүүлэлтньанхаарлынулаан шугамыгдаваагүй байгаа аж. Мөн зах зээл хэт удаан үргэлжлэх өсөлтөд ихэд болгоомжтой ханддаг учраас эдийн засгийн нөхцөл байдлыг анхааралтай дүгнэж үзэх шаардлагатай байдаг. Өнгөрсөн оны III улиралд АНУ-ын ДНБ 3.5 хувь, жилийн дүнгээр 2.8 хувийн өсөлттэй гарлаа.
S&P500 индексийн компаниудын цэвэр ашгийн хэмжээ жилийн дүнгээр 25.5 хувиар өссөн байна. Томоохон корпорацуудын ашгийн хэмжээ улиралд дунджаар 17.7 хувиар өссөн аж. Эдгээр үзүүлэлтүүд АНУ-ын эдийн засаг хүчтэй байгааг нотлон харуулж байна. 2015 онд S&P500 индекс дөнгөж 1.5 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ, 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2016 оны хоёрдугаар сарын 11-ний хооронд буюу хоёрхон сарын дотор энэ үзүүлэлт 13 хувиар унаж байв. Энэ нөхцөл байдал өнөөдөр давтагдаж байна гэж үзэх үндэслэл бий.
Гэвч тэр үед уналтаас жийрхэж зах зээлээ орхисон хөрөнгө оруулагчид 2016 онд 12 хувь, 2017 онд 21.7 хувийн өгөөж хүртэж чадаагүй алдсан билээ. Дээрх дүгнэлтийг нэгтгэж үзвэл, ойрын 1-1.5 жилд Америкийн хөрөнгийн зах зээл дээр ямар нэгэн огцом уналтын эрсдэл ажиглагдахгүй байна. Тус улсын эдийн засаг өсөж байна, хөрөнгийн бирж дээр элдэв хөөсрөлт харагдахгүй байгаа. Тиймээс 2019 онд дэлхийн номер нэг эдийн засаг өсөх магадлал өндөр гэж дүгнэж болохоор байна.
Эдийн засгийн ухааны доктор /PhD/ Р.Даваадорж
+ There are no comments
Add yours