Баярын өдөр хойд эцгийнхээ амийг хохироосон хэрэг гарав

Шинэ жилийн баярын өдөр иргэн бүр дор бүрнээ баяраа тэмдэглэж байх зуур Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэрэг, Хууль сахиулахын их сургуулийн 800 сонсогчид Нийслэлчүүдийн амгалан тайван байдлыг хамгаалж, бэлэн байдалд ажилласан билээ.

Нийслэлчүүдийн хувьд ноцтой гэмт хэрэг, олныг хамарсан үймээн үүсээгүй тайван өнгөрсөн аж. Баярын өдөр

-Хүнийг алах гэмт хэрэг нийт 1,

-Гадны нөлөөгүй нас барсан-1,

-Гудамж талбайд согтуурсан үедээ осгож нас барсан-2,

-Бусдыг хүчиндэх гэмт хэрэг-1,

-Хулгайн гэмт хэрэг-12,

-Дээрмийн гэмт хэрэг-2,

-Гэр бүлийн хүчирхийлэл-1,

-Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн-2,

-Өөрийгөө хутгалсан -1 зэрэг гэмт хэргүүд гарчээ.

Харин баярын өдөр гэр бүлийнхээ хүмүүстэй маргалдаж улмаар согтуурсан үедээ аминд нь хүрсэн хэрэг гарсан юм.

Тодруулбал, Энэ сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилчин хотхоны тоотод оршин суух иргэн хойд эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагын шуурхай утсанд “Манай нөхөр гэртээ үхчихсэн хэвтэж байна” гэсэн мэдээлэл ирсэн аж.

Хэргийн газарт жижүүрийн бүрэлдэхүүн шинжээч эмчийн хамтаар очиж үзлэг шалгалт хийхэд тус тоотод оршин суух хаягтай эрэгтэй 48 настай М нь зүүн хөмсөгний дээд зовхи хөхөрсөн, зүүн чамархай хавдсан шархтай нас барсан байжээ. Хэргийн газарт согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тус тоотод оршин суух эрэгтэй 26 настай А нь байсан аж. Тэрээр хойд эцэг болох 48 настай М-тэй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож амь насанд нь хүрчээ.

Урьдчилсан дүгнэлтээр тархины битүү бэртлийн улмаас амьсгал хураасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гараад байгаа аж. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас 31 кадр зураг, хугарч гэмтсэн хуванцар цаг, гарын мөр зэргийг нотлох баримтад хавсарган авсан байна. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 26 настай А-ийг эрүүлжүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.

+ There are no comments

Add yours