ҮНДСЭН ХУУЛЬ: УИХ ямар нөхцөлд тардаг вэ

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлага тавьсан. Тэд УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдэн “бойкот” зарласан. Үүнээс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногийн туршид гацаанд орлоо. Нэн даруй хэлэлцэж, батлах шаардлагатай олон хууль, тогтоомжийн төсөл хэлэлцэгдэж чадахгүй хүлээгдсээр байна.

Иргэд, олон нийтийн зүгээс ирц хүрэхгүйн улмаас байнгын хороо, чуулган хуралдаж чадахгүй байгаа нь хэдий хүртэл үргэлжлэх вэ, тус ойлгомжгүй байдал тодорхой хугацаанд үргэлжилбэл УИХ тарах юм биш үү, УИХ ямар нөхцөлд тардаг вэ гэх зэрэг асуултад хариулт эрж эхэллээ.

Үндсэн хуулийн 22.2-т зааснаар Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ гэж заажээ.

Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ тарах тухай заалт үндсэн хуульд байгаа нь энэ юм.

Аль тохиолдолд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үздэг вэ:

-УИХ хуралдаж чадахгүй болсон тохиолдолд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үздэг.

Эцэст нь дээрхийг УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хүлээн зөвшөөрвөл УИХ хугацаанаасаа өмнө тардаг талаар УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заажээ. ЭНД ДАРЖ үзнэ үү

 

УИХ хуралдаж чадахгүй болсон нь  хэлбэрийн хувьд тарах нөхцөлийг бүрдүүлсэн ч агуулгаар нь үзвэл нэг намын хоёр бүлгийн талцал, хуваагдлаас үүдэлтэй улс төрийн зөрчилдөөн үүссэн учраас ойлголцсон тохиолдолд УИХ цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэнэ гэж хуульчид ярьж байна. Харин хуулинд УИХ-ын гишүүд олноороо осол, аюулд өртөж амь насаа алдах зэрэг бодит, хүнд нөхцөл байдал үүсч түүнээс үүдэлтэйгээр УИХ хуралдаж чадахгүй болсон тохиолдолд УИХ тарна гэж хуульд тусгасан байдаг байна.

65 суудалтай олонхын бүлгийнхэн ойлголцож чадвал УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах учраас энэ өдрүүдэд болж буй үйл явдлыг дүгнэн “УИХ тараах ёстой” гэх нь яарсан шийдвэр болно гэж хуульчид тайлбарлаж байна.

+ There are no comments

Add yours