Эхчүүдийг тав хоног амраах саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ

Засгийн газар өнөөдөр 11.00 цагаас ээлжит бусаар хуралдах гэж байна. Өнгөрсөн лхагва гаригт болсон ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд төрийн бус байгууллагуудаас ирсэн жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг амралт, сувилалын газарт тав хоног амраах саналыг судалж өнөөдрийн хуралдаанд танилцуулан, хэлэлцүүлэх үүргийг холбогдох сайд нарт өгөөд байсан юм.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ “Манай яам Сангийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтраад тогтоол боловсруулж нөгөөдөр Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр санал нэгдсэн. Хэд хэдэн арга хэмжээг төлөвлөж байна. Нэгдүгээрт, утааны оргил үед хамгийн их бохирдолтой байгаа бүсүүдэд амьдарч байгаа жирэмсэн эх болон бага насны хүүхдийн тоог нарийвчлан гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулан ажилладаг амралт, сувиллын газруудын хэд нь өвлийн улиралд ажиллаж байгааг тодруулна. Улмаар жирэмсэн болон 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан, Халамжийн сангаас зардлыг нь гаргаж гэрээтэй амралт, сувилалын газруудад тав хоног амраана. Бидний урьдчилсан тооцоогоор найман тэрбум төгрөг зарцуулна гэж үзэж байгаа. Гэхдээ хамрах хугацааг нь багасгаад арванхоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 25-ны хооронд амраахаар таван тэрбум төгрөг шаардлагатай гэж үзэж байна. Нэг тэрбум гаруй төгрөгийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас үлдсэн хэсгийг нь Халамжийн сангаас зарцуулахаар төлөвлөж байгаа” гэсэн юм.

Гэвч уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллаас хасчээ. Энэхүү санал нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учраас ийнхүү хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн бололтой.

+ There are no comments

Add yours