Харилцаа холбооны Huawei Technologies компанийн санхүү эрхэлсэн дэд захирал энэ сарын эхээр Канадад баривчлагдсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон билээ.
Түүнийг Ираны эсрэг зарласан эдийн засгийн хоригийг зөрчин тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж АНУ-ын эрх баригчид буруутгасан байна. Мэн Ванжоуг Вашингтоны хүсэлтээр Канадад баривчилсан бөгөөд удахгүй АНУ-д шилжүүлж өгөх гэж байгаа юм.
Тэгвэл өчигдөр Хятадын тал анх удаа албан ёсоор АНУ-ын талд эсэргүүцэл илэрхийлжээ. Ням гарагт Хятадын гадаад хэргийн яам тус улсад суух АНУ-ын элчин сайд Тэрри Брэнстэдэд эсэргүүцлийн мэдэгдэл гардуулж, Мэн Ванжоуг суллахыг шаардсан байна.
Америкийн талын дараагийн үйлдлээс шалтгаалж, ямар арга хэмжээ авахаа шийднэ хэмээн Хятадын гадаад хэргийн дэд сайд Лэ Ючень АНУ-ын элчин сайдад мэдэгджээ.
Баривчлагдсан захирал эмэгтэй нь Huawei компанийг үүсгэн байгуулагч Рэн Жэнфэйн охин юм. Мэн Ванжоуг баривчилсан явдал АНУ, Хятадын худалдааны маргаан гүнзгийрэхээс болгоомжилсон хөрөнгө оруулагчдын айдсыг дэврээж, дэлхийн хөрөнгийн зах зээлүүдэд уналтыг бий болгоод байна.
Huawei Technologies саяхан Apple-ийг гүйцэж, Самсунгийн дараа ухаалаг гар утасны дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгч болсон юм.
Тус компанийг байгуулагч Рэн Жэнфэй нь Хятадын армид инженер байсан хүн бөгөөд түүний Хятадын Коммунист Намтай ойр хэлхээ холбоотой байдаг нь дэлхийн улс орнуудын санааг зовоодог.
Тухайлбал өрнөдийн зарим улс орнуудын засгийн газар Huawei компанийн гар утас, тоног төхөөрөмжийг төрийн ажил үйлчилгээнд хэрэглэхийг хориглодог юм.
Эх сурвалж: Business Insider
+ There are no comments
Add yours