Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гурван гишүүндээ АН-аас хариуцлага тооцож буйгаа өчигдөр мэдэгдсэн билээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас дөрөв хүртэл жилийн хугацаагаар, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жилийн хугацаагаар тус тус хассан. Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдсэн юм. Энэхүү хүсэлтээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад өгсөн байна.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас энэ талаар тодрууллаа.
-АН бүлэггүй боллоо гэж Л.Болд гишүүн мэдэгдсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрыг огцруулах үйл явц гишүүдийн мөн чанарыг сайн танилууллаа гэж харж байна. АН Засгийн газруудыг огцруулах шаардлагыг долоон удаа тавьсан. Тухай бүр дээр АН нэгдмэл байр суурьтай байсан.
ЖДҮХС-гаас зохион байгуулалттай бүлэглэн хулгайлсан явдал нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас АН-ын бүлэг энэ Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ гэмт үйлдлийг өөхшүүлэх хамгаалж болохгүй. Харамсалтай нь санал хураалтын үед манай гурван гишүүн эсрэг санал өгсөн. Нэг дэх асуудал тэр. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Намаас дөрөв хүртэл жилээр улс төрийн хариуцлага оногдуулах улс төрийн шийдвэр гарсан. Тодорхой үйлдэлд нь. Бүлгээс гарах хүсэлт нь хуулийн дагуу шийдэгдэх ёстой.
УИХ-ын тухай хуулийн 26.1-д улс төрийн сонгуулийн дүнгээр УИХ-д 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл нь бүлэг байгуулж болно гэсэн заалт байгаа.
Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа учраас бүлэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Л.Болд гишүүн хүсэлтдээ 26-гийн 12 дахь заалтын дагуу гэж тодотгож өгсөн байна. 26.12 дахь заалт нь гишүүд нэг бүлгээс бөөнөөрөө гарч, нөгөө бүлэгт орох ойлголт юм. Бөөнөөрөө гараад өөр бүлэгт орж чадаагүй бол дахин бүлэг байгуулахыг хориглоно гэж байгаа. Би бол 26-гийн 12 дахь заалтийг хуульд нийцэхгүй байна гэж харж байгаа. Тиймээс Улсын дээд шүүхэд тайлбар өгөөч гэсэн хүсэлт явуулсан.
Өнөөдөр АН-ын суудал дээр сууж байгаа Л.Болд энэ намын гишүүн мөн. Хуулийн зөрчилтэй ийм хүсэлт дээр АН-ын бүлгийн даргын хувиар би ямар ч мэдэгдэл УИХ-ын даргад өгөхгүй.
-Аль нэг гишүүн намаасаа гарсан тохиолдолд бүлэг тарна гэж ойлгож болох уу?
-Хэрэв намаас чөлөөлөгдөх юм бол тийм нөхцөл байдал үүсч болно. Хуулийн заалт бий. УИХ-ын тухай хуулийн 28.1.3-т зааснаар гишүүн нам бус болоод бүлгээс гарах юм бол бусад гишүүд нь наймд хүрэхгүй байгаа учраас бүлэг тарах эрсдэл үүсч болно.
Бүлэг тарна гэдгийг хэн нэгэн хүн амныхаа зоргоор хийдэггүй. Хэрэв улс төрийн нам татан буугдсан бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гарсан тохиолдолд бүлэг тарсанд тооцно гэсэн хоёрхон заалт бий.
Л.Болд гишүүн олон удаа парламентад АН-ын суудалд суусан. Сөрөг хүчний дуу хоолой болж байгаа энэ бүлгийг тараах оролдлогыг санаатайгаар хийж болохгүй шүү гэдгийг Л.Болд гишүүн хэлмээр байна.
+ There are no comments
Add yours