Гүржийн шинэ Ерөнхийлөгч Саломе Зурабишвили гэж хэн бэ?

Гүржийн эрх баригч “Гүрж мөрөөдөл” намын дэмжсэн, бие даан нэр дэвшигч  Саломе Зурабишвили Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулиар саналын бүх хуудсыг тоолсны дараа ялалт байгуулсан нь тодорхой боллоо.

Гүржийн Сонгуулийн  ерөнхий хорооны  сүүлийн мэдээгээр, Зурабишвили 59,52 хувийн санал (1 147 627 санал) авчээ. Түүний өрсөлдөгч сөрөг хүчний “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын нэр дэвшигч Григол Вашазе 40,48 хувийн (780 633 санал) дэмжлэгтэй байв.

Сонгогчдын оролцоо энэ шатанд 56,23 хувьтай байжээ. Гүржийн  Үндсэн хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол  арванхоёрдугаар сарын 16-нд болно.

Зурабишвили 1952 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо Гүржийн улс төрийн цагаач, Франц дахь гүржийн нутгийн зөвлөлийн дарга Леван Зурабишвилийн гэр бүлд төржээ. Зурабишвили нь Гүржийн нийгмийн зүтгэлтэн Нико Николазегийн зээ охин юм.

Тэрбээр 1972 онд Парисын улс төрийн дээд сургуулийг, жилийн дараа нь АНУ-ын Колумбийн их сургуулийг, 1981 онд Парисын Турийн удирдлагын үндэсний сургуулийг тус тус дүүргэжээ.

Дипломатын карьерыг Зурабишвили Францад 1974 онд эхэлжээ. 1977 он хүртэл Итали дахь Францын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргаар, 1977-1980 онуудад НҮБ-ын дэргэдэх байнгын төлөөлөгчдийн  газрын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллажээ.

1980-1984 онуудад тэр Францын Гадаад хэргийн яамны Судалгаа, дүгнэлтийн төвд, 1984-1988  онуудад АНУ-д суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн зөвлөх, 1988-1989 онуудад Вена дахь Европын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга, 1989-1992 онуудад Чадад суугаа Францын ЭСЯ-ны хоёрдугаар зөвлөх, 1992-1993 онуудад Брюсселийн Евроатлантын зөвлөл дэх Францын төлөөлөгчийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1993-1996 онуудад Баруун Европын холбооны  дэргэдэх Францын төлөөлөгчдийн газрын даргын орлогч, 1996-1998 онуудад Францын ГХЯ-ны  танхимын сайдын зөвлөх, 1997-1998 онуудад Францын ГХЯ-ны  Ерөнхий шалгалтын газар, 1998-2001 онуудад Францын ГХЯ-ны  Стратеги, аюулгүй байдал, зэвсэглэл хураах газар зэрэгт тус тус ажиллаж иржээ.

Зурабишбили 2001-2003 онуудад Францын  Үндэсний батлан хамгаалахын нарийн бичгийн газарт олон улсын  ба стратегийн асуудал эрхлэн ажиллаж байгаад Гүржид суух Элчин сайдаар 2003-2004 онуудад томилогдон ажилласан байлаа. Гүржийн гуйлтаар, 2004-2005 онуудад тус орны ГХЯ-ыг толгойлж байгаад Саакашвилитэй таараагүйн улмас огцрон өөрийн “Гүржийн зам” намыг 2006 онд Зурабишвили байгуулжээ.

Тэр 2010 онд Францад  эргэн ирээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд  Ираны асуудлаар тусгай хэсгийг толгойлов. 2012 онд Гүржид  эргэн ирээд  парламентад бие даан нэр дэвшиж депутат болсон байлаа.

Наймдугаар сард Зурабишвили Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зарласан ба түүнийг эрх баригч нам бүрэн дэмжихээр болсон байна. Аравдугаар сарын 28-нд сонгуулийн эхний шатанд тэр өөрийн өрсөлдөгч Григол Вашазегаас ялимгүй давуу санал авсан нь ялах боломжийг эхний шатанд өгсөнгүй.

+ There are no comments

Add yours