Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу тус газраас Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” Facebook цахим хаягтай “Aurora Beauty Clinic” гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ.
Шалгалтаар эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосон нь илэрсэн байна.
Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс, РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийхдээ өмнө хэрэглэж байсан зүү тариур хэрэглэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Тиймээс “Aurora Beauty Clinic”-ын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэжээ.
“Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж үйл ажиллагаа явуулж иржээ.
Иймд фэйсбүүк зараар баталгаат бус гоо сайхны ихсийн тариа, ботокс, РRP үйлчилгээг авахаас татгалзах, мэргэжлийн бус хүнээр хийлгэхгүй байхыг анхааруулж байна.
+ There are no comments
Add yours