Өнгөрсөн тавдугаар сард ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газраас 436 зээлдэгчид 30.15 тэрбум төгрөг, Монголбанкнаас 248 зээлдэгчид 16.3 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгожээ. Энэ оны тавдугаар сард нийт 684 зээлдэгч ипотекийн зээлд хамрагдсан талаар Монголбанк мэдээллээ.
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зээлдэгчдийн тоо 93 мянгыг даваад байгаа юм. Өнгөрсөн сард ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газраас 436 зээлдэгчид 30.15 тэрбум төгрөг, Монголбанкнаас 248 зээлдэгчид 16.3 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгожээ. 2017 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд 111 тэрбум төгрөг төсөвлөсөн бол энэ онд 120 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа юм байна.
Түүнчлэн Монголбанкнаас энэ онд 192 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхээр болсон. Иймд 2014 онд оргил үедээ хүрч, жилд 18 мянган орчим хүн хамрагдаж байсан ипотекийн хөтөлбөрт энэ онд 5000 орчим хүн хамрагдах төлөвтэй байгаа аж. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Төв банк ипотекийн зээлийг зөвхөн эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа юм. Энэ онд зээлийн санхүүжилт 2017 оныхоос 40 орчим тэрбум төгрөгөөр бууснаар зээлдэгчдийн тоо мөн 1000 орчмоор буурах төлөвтэй байна.
Ипотекийн санхүүжилт саарсан ч Улаанбаатар хотын хэмжээнд ирэх таван жилд 217 мянган өрхөд орон сууц худалдан авах хэрэгцээ байгааг Барилга, Хот байгуулалтын яам “Тэнхлэг зууч” компанийн судалгаанаас харж болохоор байна. Түүнчлэн эдгээр өрхийн 33 хувь нь буюу 71.9 мянган өрх урьдчилгаа төлөн орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй байгаа юм. Цаашид ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр төлөвлөж байгааг Монголбанк мэдээлж байна.
+ There are no comments
Add yours