Засгийн газрын арын цэцэрлэгийг нээлттэй болгохоор боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох санал гаргалаа. Тэрбээр “Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох саналыг сарын өмнө Төрийн тусгай хамгаалалтын газар хандсан юм. Тавдугаар сарын 17-нд өгсөн албан бичигт одоо болтол хариу өгөхгүй байна. Төрийн ордны тухай хуулиар УИХ үүнийг хариуцдагийн хувьд нээлттэй болгож өгөөч УИХ-ын дарга аа. Би энэ саналыг зөвхөн гишүүний хувьд ч биш Улаанбаатар хотын иргэний хувиар гаргаж байна. Үүнийг чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэж өгөөч дарга аа” гэв.

Хариуд нь УИХ-ын дарга М.Энхболд “Ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Хуучин баруун хойд тал, зүүн хойд талаасаа хаалга нь онгорхой хүмүүс өглөө, оройд орж, гараад болоод л байдаг байсан. Тиймээс УИХ-ын Тамгын газар Ц.Мөнх-Оргил гишүүнээс ирсэн бичгийг нэгтгэж авч үзээд иргэд орж, гарч болдог болох асуудлыг Төрийн тусгай хамгаалалтын газартай  яриад чуулган өндөрлөхөөс өмнө шийдье” гэлээ.

Эргэн сануулахад 2013 оны есдүгээр сарын 16-нд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр төрийн ордны хойд талын цэцэрлэгт буун дуу гаргаснаас хойш олон нийтэд хаалттай болгосон юм.

+ There are no comments

Add yours