Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалтай холбогдуулан Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан хүсэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон байсан юм.
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Монгол Улсын Дээд шүүх хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй” байхаар заасан. Иймд хуулиар харьяалал тогтоогоогүй, өөрөөр хэлбэл, УИХ-аас тусгайлан хууль баталж харьяалуулаагүй маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна.
Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож, холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэжээ.
Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх магадлалд “… Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь Үндсэн хуулийн цэц хэргийн харьяаллын зэрэгцээ шүүхийн харьяаллыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамтай хамт тогтоосон байна” гэж Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас үзжээ.
Иймээс Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгох тухай гомдлыг хянан шийдвэрлэсэн тухай” 11 дүгээр магадлалаар шилжүүлсэн асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд буцаахаар тогтов.
+ There are no comments
Add yours