УИХ хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн албан бичиг прокуророос УИХ-д иржээ. Үүний дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж уг асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн ирж байсан юм. Үүний дагуу Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх албан бичгээ УИХ-ын даргад өгсөн гэсэн мэдээлэл тухайн үед гарч байлаа. Гэхдээ энэ нь өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа юм. Ямартай ч УИХ прокуророос ирсэн бичгийн дагуу түүнийг бүрэх эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хуулийн мухардалд орсон. Учир нь, иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаж УИХ-ын тухай хуулийн 6.9.1 буюу “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан” тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх заалтыг хүчингүй болгуулсан байв. Иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн Цэцэд хандсан тэд Д.Гантулга гишүүний үйлдсэн байж болзошгүй хэргийн хохирогч бүсгүйд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй фирмийн хуульчид. Өөрөөр хэлбэл, тэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбоотой дээрх заалтыг хүчингүй болгуулах замаар Д.Гантулгад “халдах” зорилго тээсэн нь ойлгомжтой. Тэдний зорилго эхнээсээ биелж Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд тухайн заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан ч УИХ хуульдаа өөрчлөлт оруулж тухайн заалтыг ямар заалтаар орлуулахаа шийдээгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон заалтыг өөр заалтаар орлуулан батлахаас нааш Д.Гантулга гишүүний асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон юм.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан өргөн барьж батлуулсан. Ингэснээр УИХ Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын хүсэлтийг хэлэлцэх боломжтой болсон юм. Гэвч прокуророос оруулсан албан бичгийг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөн учраас орхигдоод байлаа.

Харин энэ удаад прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг дахин ирүүлжээ. Мөн эмэгтэй хүнд хүч хэрэглэн дарамталсан асуудалд холбогдоод байгаа Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс УИХ дахь намын бүлгүүд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэхээр шуурхай хурал зарлаад байна.

УИХ гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхэд хуулийн ямар ч саад бэрхшээл, мухардалгүй болсон учраас энэ удаад прокурорын хүсэлтэд 48 цагийн дотор хариу өгөх биз ээ

+ There are no comments

Add yours