Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр шинээр бүрдсэн Засгийн газарт Аж үйлдвэр, худалдааны сайдаар дахин томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэв. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Өндөр, дээд түвшний айлчлал, арга хэмжээ тогтмолжин, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, бизнес эрхлэгчдийн харилцаа улам нэмэгдэж байгааг тэмдэглэв. Хоёр орны худалдааны эргэлт 2016 онтой харьцуулахад 2017 онд 37 хувиар нэмэгдсэн нь үүний тод илрэл гэлээ. Улаанбаатар хотноо болж байгаа “Монгол, Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ нь харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Энэ арга хэмжээний үеэр Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах болсон нь хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой гэв.
Монгол Улс ОХУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх сонирхолтой. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, энэ хүрээнд ОХУ-ын стандарт, шаардлага хангасан махны хамтарсан үйлдвэр байгуулах, “Ноолуур” төсөлд оросын талтай хамтран ажиллах саналтаа илэрхийллээ.
ОХУ Монгол Улстай харилцах харилцаа, тэр дундаа соёл, худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров тэмдэглэв.
Хоёр орны худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байна гээд Монголын зах зээлд эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн экспортлох, нисэх онгоц угсрах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, нисдэг тэрэг нийлүүлэх сонирхолтой байна гэлээ. Мөн Дулааны III станц, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, хурдны зам тавих зэрэгт оролцох сонирхлоо илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
+ There are no comments
Add yours