С.Оюунбилэг: 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж хууль зөрчсөн байна

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг 2016 онд Монгол Улс анх удаа зохион байгуулсан билээ. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн дор болж өнгөрсөн эл хуралд Ази, Европын 51 орны төр, засгийн тэргүүн, тэдний өндөр түвшний бие төлөөлөгчид, Европын зөвлөлийн ерөнхийлөгч, Европын комиссын ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцсон. Тус хуралд нийт 20.8 тэрбум төгрөг зарцуулсан юм.  Энэ хурлыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Үндэсний аудитын газраас өнөөдөр танилцуулж байна.

АСЕМ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 395.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН ГЭДЭГ НЬ НОТЛОГДСОН

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ-ын зохион байгуулалтад аудитын тайланг хийх үндэслэл нь Гадаад хэргийн сайдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалтай санал дүгнэлт авсан. Хязгаарлалтай санал дүгнэлт авсан шалтгааны 40 гаруй хувь нь АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотой байсан учраас эрсдэлийн аудит орсон байгаа. Энэ аудитын зорилго нь АСЕМ-ын үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл үр дүнд ямар эрсдэлүүд гарсан бэ гэдэг дээр аудит гарсан байгаа. АСЕМ-ын аудитын үйл ажиллагаанд төрийн 46 байгууллага, 28 хуулийн этгээд хамрагдсан байна. УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 05-нд баталж гаргасан хуульд АСЕМ-ын үйл ажиллагаанд ашиглах суудлын автомашин, автобус, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гаалийн болон онцгой албан татварыг тэглэсэн. Нийтдээ зургаан  тэрбум төгрөгийг татвараас чөлөөлсөн. АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь нотлогдсон байгаа. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг төрийн өмчит аж ахуй нэгж түүний өөрийн хөрөнгө болон хандив тусламжаас, 65.4 хувь буюу 258. 7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэгдсэн байна. Дээрх төсвийг Монгол Улсын их хурлаас батлан гаргасны дагуу Гадаад хэргийн яам 23.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийг тайлагнасан. Харин бусад эх үүсвэрийн тайлагнал гүйцэтгэлийн тайлан гараагүй байна.

АСЕМ-ын гадаад болон дотоодын сургалтад 722.4 сая төгрөгийг зарцуулсан ч тайлагнаагүй. Нийслэлээс 2.9 тэрбум төгрөгийн 25 төсөл арга хэмжээг эрх шилжүүлэн гүйцэтгэж, хууль зөрчжээ. Өөрөөр хэлбэл, АСЕМ дууссанаас хойш хийсэн байна. Тухайлбал, Яармагт нэг тэрбум төгрөгийн өртөгтэй замыг 434 сая төгрөгөөр зардлыг нь нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргад эрхийг нь шилжүүлж гүйцэтгүүлсэн байна. Төв талбайн хөшөөг солиход 668,7 сая төгрөг зарцуулсан ч үүнийг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт гараагүй байна. АСЕМ-ын арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчдийн бэлэг дурсгалын зардалд 81,4 сая төгрөг төсөвлөж байсныг хэтрүүлэн зарцуулсан гэж аудит дүгнэсэн.

Дээрх тайлантай холбогдуулан 163,6 сая төгрөгт акт тогтоож, 151,8 тэрбум төгрөгийн асуудалд албан шаардлага хүргүүлсэн, 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд  хариуцлага тооцох санал хүргүүлсэн, 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн байгаа” гэлээ.

+ There are no comments

Add yours