Санхүүгийн зах зээлд иргэдийн итгэх итгэл өссөн үзүүлэлттэй гарчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос мэргэжлийн судалгааны байгууллагаар хийлгэсэн банкнаас бусад санхүүгийн салбарын талаарх иргэдийн итгэл, хүлээлтийн судалгааг өнөөдөр танилцууллаа.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо хөндлөнгийн мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, зах зээлийн төлөв байдал, иргэд, хөрөнгө оруулагчид болон зах зээлийн тоглогчдын хүлээлт ямар байгаа зэргийг тандан судалж байгаа аж. Тиймээс СЗХ-ны захиалгаар “NRCC” судалгааны байгууллага 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн улирал тутам иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийн судалгааг  тогтмол хийж байгаа юм байна.

Хорооны захиалгаар “NRCC” судалгааны байгууллага 2016 оны гуравдугаар улирлаас эхлэн улирал тутам иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийн судалгааг тогтмол хийж байна. Санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төрийн зохицуулалтыг төлөвлөхөд шаардлагатай бодит мэдээллийг цуглуулах, нэгтгэн дүгнэх, бодлогын хэрэгжилтийн хугацаанд иргэдийн итгэл, зах зээлийн талаарх мэдлэг, зах зээлийн оролцоонд гарч буй өөрчлөлтийг тандах зорилгоор явуулж буй уг судалгааг санамсаргүй түүврийн аргаар улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулж, 2016 оны гурав, 2017 оны нэг, хоёр, 2018 оны нэгдүгээр улирлуудад буюу нийт дөрвөн улиралд тандан судалсны дүнг өнөөдөр Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, “NRCC” судалгааны байгууллагын судлаач Б.Алтанцэцэг, Б.Соёлмаа нар танилцууллаа.

Санхүүгийн зохицуулах хороо (Хороо) хөндлөнгийн мэргэжлийн судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, зах зээлийн төлөв байдал, иргэд, хөрөнгө оруулагчид болон зах зээлийн тоглогчдын хүлээлт ямар байгаа зэргийг тандан судалж байна. Бодлого, төлөвлөлтийг судалгаанд суурилан хийж, бодитойгоор, бүрэн гүйцэт хэрэгжүүлдэг байх нөхцөл, шаардлага бий болсон өнөө цагт өндөр мэргэжлийн судалгааны байгууллага, институттэй нягт хамтран ажиллах нь ихээхэн чухал юм.

Уг судпалгааг “NRCC” судалгааны байгууллагын судлаач Б.Алтанцэцэг танилцууллаа.

 Санхүүгийн зохицуулах хороонд итгэх итгэл өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсчээ

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл 2017 оны мөн үетэй харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Харин Хороо, банк бус санхүүгийн байгууллага болон даатгалын салбарт зарим өөрчлөлтүүд ажиглагдсан байна. Өөрөөр хэлбэл Хороонд итгэх итгэл өмнөх оны мөн үеэс 40 хувиар өсч, мэдэхгүй гэсэн хариулт 10 хувиар буурсан бол ББСБ-д итгэх итгэл 20 хувиар өсч, мэдэхгүй гэсэн хариулт 40 хувиар буурчээ. Дөрвөн удаагийн судалгаагаар санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл нас, боловсрол, орлого, байршил болон сууцны нөхцлөөс хамааран ялгаатай байдаг нь ажиглагдаж байна. Ерөнхий дүр зургийг хувьд боловсрол өндөр, насаар залуу, орон сууцанд амьдардаг, орлого сайтай иргэдийн хувьд санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сайн байна.

Санхүүгийн зах зээлд иргэдийн итгэх итгэл өссөн үзүүлэлттэй гарчээ

Эрэгтэйчүүдийн хөрөнгийн биржид итгэх итгэл эмэгтэйчүүдийнхээс илүү

Харин эрэгтэйчүүдийн хөрөнгийн биржид итгэх итгэл эмэгтэйчүүдийнхээс илүү байгаа бөгөөд 35 ба түүнээс доош настай хүмүүсийн хөрөнгийн биржид итгэх итгэл 35-аас дээш настай иргэдтэй харьцуулахад 60 хувь илүү, хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-нд итгэх итгэл 75 хувиар илүү байна. Сайн дурын даатгалд хамрагдалт болон даатгалын талаарх мэдлэгийн бүлгээр харахад нас, орлого болон сууцны нөхцлөөс хамааран өөр байна. 35-аас дээш настай, орлого өндөртэй, орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд даатгалд хамрагдалт өндөр мэдлэг сайтай байна.

Санхүүгийн зах зээлд иргэдийн итгэх итгэл өссөн үзүүлэлттэй гарчээ

Иргэд орлого, байршил хоёроос хамааран даатгалын хэрэгцээ шаардлага өөр байна

ББСБ-д итгэх итгэл орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд гэр хороололд амьдардаг иргэдтэй харьцуулахад 25 хувиар сайн байна. Эрүүл мэндийн даатгалыг иргэдийн 46.5 хувь нь хамгийн хэрэгцээтэй гэж үзэж байна. Үүний дараа гэнэтийн осол, эмчилгээний даатгал (20 хувь)-ыг нэрлэжээ. Иргэдийн 6.3 хувь нь энэ асуултанд сайн мэдэхгүй гэж хариулсан. Иргэд орлого, байршил хоёроос хамааран даатгалын хэрэгцээ шаардлага өөр өөр байна. Хөрөнгийн даатгалыг хэрэгтэй гэж орлого өндөртэй иргэдийн 8.9 хувь нь хариулсан байгаа нь орлого багатай иргэдтэй харьцуулахад бараг хоёр дахин их байна.

Санхүүгийн зах зээлд иргэдийн итгэх итгэл өссөн үзүүлэлттэй гарчээ

Ломбардаар 35-аас доош насны залуучууд илүү их үйлчлүүлдэг

Жилийн өмнө судалгаанд оролцсон иргэдийн 33.2 хувь нь зээлийн үйлчилгээ авч байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар, иргэдийн 44.0 хувь буюу бараг тал нь зээлийн үйлчилгээ авчээ. Үүнд нийт иргэдийн 30.2 хувь нь арилжааны банкнаас, 10.5 хувь нь ломбарднаас, 9.4 хувь нь ББСБ-аас, 9.4 хувь нь хувь хүнээс авчээ. Иргэдийн авсан нийт зээлийн тоонд арилжааны банк 50 хувь, ББСБ 16 хувь, ломбард 17 хувь, хувь хүн 15 хувийг эзэлж байна. Жилийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр улирлын судалгаагаар иргэдийн авсан зээлд арилжааны банк 58 хувь, ломбард 13 хувь, ББСБ 5 хувь эзэлж байжээ. Зээл авсан иргэдэд ББСБ-ын эзлэх хувь 11 пунктээр өссөн бол арилжааны банкны эзлэх хувь 8.0 пунктээр буурсан байна. Арилжааны банкнаас хөдөө амьдардаг, эмэгтэй болон 35-аас дээш насны хүмүүс илүү их зээл авдаг бол ломбардаар 35-аас доош насны залуучууд илүү их үйлчлүүлдэг байна.

Санхүүгийн зах зээлд иргэдийн итгэх итгэл өссөн үзүүлэлттэй гарчээ

Санхүүгийн байгууллагын сонголтод үйлчилгээний түргэн шуурхай байдал болон барьцаа хөрөнгө, баталгаанд тавигдах шаардлага хамгийн чухал шалгуур болдог байна. Энэ хоёр шалгуур ББСБ, ломбардны хувьд зонхилох шалгуур болдог буюу 70 гаруй хувийг эзэлж байна. Өнөөдөр иргэдийн анхаарлыг нэлээд татаж байгаа зээлийн хүүгийн түвшин арилжааны банкны сонголтод дөрөв, ББСБ-ын сонголтод тав, ХЗХ-ны сонголтод тав, ломбардны сонголтод гурав дахь чухал хүчин зүйл болж байна.

Бүрэн дундаас дээш боловсролтой иргэдийн арилжаанд оролцох сонирхол өнпөр байна

Иргэдийн 18.8 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 51.0 хувь нь үгүй, 30.1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Үүнийг жилийн өмнөх судалгаанд оролцогсдын 14.0 хувь нь арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсантай харьцуулбал иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох сонирхол 4.8 пунктээр өссөн байна. Бүрэн дундаас дээш боловсролтой иргэдийн арилжаанд оролцох сонирхол доогуур боловсролтой иргэдээс 40 хувиар өндөр байна. Эрэгтэйчүүдийн арилжаанд оролцох сонирхол эмэгтэйчүүдээс 1.7 дахин өндөр байна.

+ There are no comments

Add yours