Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдэд ажиллаж байгаа аж.
Энэ үйл ажиллагааны гол зорилго нь цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагч, ажилтнуудын тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангасан байдал, үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох, сургалт зохион байгуулах юм.
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий, Ховд, Увс аймаг дахь цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажаваар ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Дорноговь, Төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар хэлтэст ажиллах юм.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг дахь цагдаагийн газар, Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Булган, Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллах үеэрээ орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаарх санаа бодлыг сонсон, үйл ажиллагаандаа тусгах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцож, санал хүсэлтээ өгч болох ажээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ирэх сарын 15-ныг хүртэл ажиллаж, үр дүнг тооцох аж.
+ There are no comments
Add yours