Гадаад Харилцааны Яамны сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр цаг үеийн зарим асуултад ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг хариулт өглөө.
-Сунгалттай паспортаар гадаад улсад зорчуулахгүй байна гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон НҮБ-аас 2016 онд гадаад паспорт дээр гараар ямар нэгэн сунгалт хийхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь эргээд терроризмтэй тэмцэх олон улсын аюулгүй байдлыг хангах юм. Бид олон улсын заавар зөвлөгөөний дагуу 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын иргэдийн гадаад паспорт дээр аливаа нэг сунгалтыг хийхээргүй болсон. 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс өмнө сунгуулчихсан иргэдийн паспорт хүчинтэй.
Манай улсын ойрын хөршүүд болох Хятад, Солонгос, ОХУ, АНУ зэрэг орнуудад зорчиход аливаа нэг хүндрэл гарахгүй. Тухайн иргэн гадаад паспортынхаа хугацааг дууссаны дараа дахиад шинээр паспорт авна. Ер нь цаашлаад иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс Казахстан, Израйль, Өмнөд Африк зэрэг улсууд руу Их британи улс руу сунгалттай паспортаар зорчихгүй гэсэн зөвлөмжүүдийг хүргүүлээд байгаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Шанхайн хамтын ажиллагааны уулзалтад оролцохоор болсон. Албан ёсны айлчлалын тов гарсан уу?
-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт 6 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болохоор байгаа. Энэ уулзалтад манай улсын төрийн тэргүүн оролцохоор төлөвлөж байна. Уулзалтын тов болон яригдах асуудлуудын талаар эргээд тодорхой мэдээллүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хүргүүлэх болов уу
-Манай улсын иргэд гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон хэчнээн тохиолдол байна вэ?
-БНХАУ-д манай улсын 27 иргэн хар тамхины хэргээр хоригдож байгаа. Мөн Сингапур улсад хар тамхины хэрэгт холбогдсон Монгол иргэд байна. Хар тамхи тээвэрлэх зөөвөрлөх асуудал нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Иймд иргэд маань гадаадад зорчихдоо энэ асуудалд анхаарах шаардлагатай. Ялангуяа санамсаргүй байдлаар хүний тээш авах зэргээс болгоомжлох хэрэгтэй.
-АНУ Хойд Солонгосын уулзалт Монголд болох талаар ГХЯ-наас албан ёсны хүсэлт хүргүүлсэн үү?
-Бид АНУ болон Хойд Солонгосын уулзалтын талаар ажиглаж байна. Энэхүү уулзалтыг Монголд зохион байгуулах талаар ГХЯ-наас албан ёсны хүсэлт хүргүүлээгүй. Гэхдээ бид энэхүү уулзалтыг байнга ажиглаж байгаа.
-АНУ-ын визний асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?
-АНУ-аас H2 визийг манай иргэдэд олгох асуудал яригдаж байгаа. ГХЯ-наас АНУ-ын холбогдох байгууллагуудтай энэхүү визний төрөл ямар байх, иргэд маань очоод ямар нөхцөлд ажиллах вэ зэрэг нарийн ярих шаардлагатай асуудал бий.
+ There are no comments
Add yours