Богд хааны ордон музейн талбайд АПУ-гийн охин компани болох “Ван трейд” компани нь хөлбөмбөгийн асар барих гэж байсан билээ.
Хууль зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцэж Богд хааны ордон музейн хамт олон болоод урлаг соёлын төлөөллүүд өчигдөр Амгалан энхийн хаалганы өмнө хэвлэлийн хурал хийсэн юм. Үүний дараа буюу өчигдөр орой Нийслэлийн засаг дарга уг асуудалтай холбогдуулан захирамж гаргажээ. Уг захирамжид “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000 мкв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хорилогосон үйл ажиллагааг явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.
Музейн хамт олон болоод урлаг соёлын төлөөллүүдийн зүгээс энэ удаад “Ван трейд” компанийн үйл ажиллагааг ийнхүү зогсоолгож чадсан ч мөн л музейн эргэн тойронд үйл ажиллагаа явуулах боломж бүхий “Грийн эйр гарден” ХХК-аас 2012 онд, “Ван трейд” ХХК-аас 2018 онд эргүүлж авсан газар болоод “Интернэйшнл медикал центр” ХХК, Номун гэрэл төвөөс авч амжаагүй байгаа газар бийг мөн санууллаа.
Т.БАТСҮРЭН
+ There are no comments
Add yours