Friday, December 13 2024

Сайншандад барих 30 мВт-ын нарны цахилгаан станцын санхүүжилт шийдэгдлээ

Монголын “Desert Solar Power One” компани 30 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих санхүүжилтээ босгожээ. Компани 30 мегаваттын нарны цахилгаан станц барих зөвшөөрлөө аваад хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байсан юм. Тэгвэл саяхан Европын сэргээн босголт хөгжлийн банк, “Triodos Investment Management”, Голландын хөгжлийн банкнаас нарны цахилгаан станц барих зорилултаар 31.6 сая ам.долларын зээл авсан байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээллээ. Тус компани дээр гурван зээлдүүлэгч тус бүрээс 10.5 сая ам.доллар зээлж байгаа аж. Нарны цахилгаан станц Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо баригдах юм байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 47.5 сая ам.доллар гэж тооцогдож байгаа ажээ.

Манай улсын сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон эх үүсвэр болох 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 2013 онд “Ньюком”-ын охин компани “Клин Энержи” Төв аймгийн Сэргэлэн суманд барьж, ашиглалтад оруулж байв. Үүнээс хойш байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдол бууруулахад нөлөөтэй станцыг хараахан бариагүй байгаа билээ. Тэгвэл “Aydiner Global” компани 50.4, “AB solar wind” 100, “Сайншандын салхин парк” 52, “Клинтек” 250, “Клин энержи Ази” 50 мВт-ын салхин, “Desert solar power one” 30, “Rural electrification” 10, “Мон Кореа инженеринг” найман мВт-ын нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл аваад байгаа юм. Мөн 315 мВт-ын хүчин чадалтай Эгийн голын, 300 мВт-ын Шүрэнгийн усан цахилгаан станц барихаар төлөвлөж буй.

Монгол Улс 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү зорилгоо биелүүлэхэд энэ удаагийн төсөл маш ач холбогдолтой гэдгийг ЕСБХБ-ны мэдээлэлд цоохон тэмдэглэжээ.

С.Нямдорж

+ There are no comments

Add yours

You May Also Like: