Фэйсбүүк танилцах үйлчилгээ нэвтрүүлнэ

Фэйсбүүк компанийн жил бүр зохион байгуулдаг F8 чуулган дээр өчигдөр Марк Зукербэрг танилцах үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаагаа зарлалаа.

Тус компанийн зорилго нь хүмүүсийг илүү утга учиртай, урт хугацаанд харилцах, нөхөрлөх боломжийг нээхэд оршиж байгааг тэр тайлбарласан байна.

Саяхан хэрэглэгчийн мэдээллийг зүй бусаар ашигласан хэрэгт холбогдоод байгаа Фэйсбүүк энэ удаа анхнаас нь тун нягт нямбай ажиллаж байгааг мөн хэлжээ. Зукербэргийн мэдээллийн дараа тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс удахгүй зах зээлд нэвтрэх үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Танилцах үйлчилгээнд хүмүүсийн Фэйсбүүк профайлын баруун дээд буланд байгаа зүрхний хэлбэртэй товчоор нэвтрэх гэнэ.

Энд дарснаар зөвхөн бусадтай танилцахад зориулагдсан тусгай профайл руу орох гэнэ. Энд тухайн хүний өөрийн нэр (first name) ашиглагдах ба Фэйсбүүкийн найз нарт нь огт харагдахгүй. Харин танилцах үйлчилгээгээ идэвхжүүлсэн хүмүүст зөвхөн харагдах гэнэ.

Профайлын дор тухайн хүний амьдарч байгаа хотод болох үйл явдлууд (events), мөн сонирхлын группүүд харагдана.

Эндээс аль нэг үйл явдлыг сонирхож нээвэл (unlock) мөн түүнийг сонирхож байгаа бусад танилцах профайлууд харагдах юм.

Тэднээс сонирхсон хүнээ сонгон “interested” товчийг дарснаар нөгөө хүнд нь хүсэлт очих ажээ.

Нөгөө хүн нь мөн сонирхож байвал тэдний хооронд харилцах цонх бий болох гэнэ.

Олон хүнтэй харилцахад тус тусын “inbox” үүсэх ажээ.

Уг үйлчилгээг яг хэзээ нэвтрүүлэхээ Фэйсбүүк мэдээлсэнгүй. Гэхдээ тун ойрын үед хэрэглэх боломжтой болно гэж байгаа юм.

 

Эх сурвалж: Tech Insider

+ There are no comments

Add yours