Гадаад харилцааны сайд Словак улсад айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-ын Эдийн засгийн сайд Петер Жигагийн урилгаар тус улсад 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн ажлын айлчлал нь өнгөрөгч 2017 оны арваннэгдүгээр сард манай улсад айлчилсан БНСлУ-ын Шадар сайд Петер Пеллегрини, Эдийн засгийн сайд Петер Жига болон Сангийн сайд Петер Кажимир нарын айлчлалын хариу айлчлал болж байгаа бөгөөд 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Словак Улсад хийсэн манай улсаас хийгдсэн анхны өндөр түвшиний айлчлал боллоо.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСлУын Ерөнхий сайд Петер Пеллегринид бараалхаж Шадар сайд Рихард Раши, Эдийн засгийн сайд Петер Жига нартай хоёр талын хэлэлцээ хийлээ. Талууд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, цахим засаглалын салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тус улсын ЭКЗИМ банкны хөнгөлөлттэй зээлийг авах, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн менежмент болон мэдээллийн технологийн нарийн мэргэжлээр жилд 30 оюутныг Словак Улсын Засгийн газрын тэтгэлэгээр сургах, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын санамж бичиг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцлоо. Үүний зэрэгцээ Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСлУ-ын Эдийн засгийн яам хооронд байгуулсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтлоо.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСлУ-ын Гадаад болон Европын хэргийн яаманд зочилж тус яамны ТНБД Лукаш Паризектай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцсон бөгөөд 2019 онд ЕАБХАБ-ыг даргалах Словак Улс нь Монгол Улстай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд тус улсын Үндэсний зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны дэд дарга Марош Кондрот тэргүүтэй Словак-Монголын Найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзалт хийв.

Олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Монгол, Словак хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, өндөр дээд түвшиний харилцан айлчлалын давтамжийг хадгалахад энэ удаагийн Гадаад харилцааны сайдын айлчлал чухал ач холбогдолтой боллоо.

+ There are no comments

Add yours