Нийслэлийн хэмжээнд энэ дөрөвдүгээр сарын 09-ний байдлаар, амбулаторийн 76.944 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2606 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.4 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар их байна.
Нийт өвчлөгсдийн 36.0 хувийг 0-1 нас, 31.9 хувийг 2-4 нас, 18.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1051 дуудлага ирснээс 42.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед Нийслэлийн эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгүүдэд орны зохицуулалт хийж, эмч сувилагч нарын орон тоо болон ажлын цагийн хуваарь, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарал тавин ажиллаж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл сурталчилгааг тогтмол хүргэж байна.
Ялангуяа эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байгаа юм.
+ There are no comments
Add yours