Манай улсад сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихэсч байгаа гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, 2010 онд 3054 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Өнгөрсөн 2017 онд нийслэлд 10 мянга 399 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Энэ тоо зөвхөн шүүхээр цуцлуулсан тоо баримт аж.
Мөн албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй ч хоёр тийш салсан хэчнээн гэр бүл байгааг мэдэх боломжгүй юм байна. Салалтын шалтгаан архидалт, ядуурал, мөн гэр бүлээс гадуурх харилцаа нөлөөлж байна гэдгийг мэргэжлийн сэтгэлзүйн судлаачид хэлдэг. 1000 хүн амд ногдох гэр бүл салалтын тоо ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа аж.
Нөгөө талаар залуу гэр бүлүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлдэг нийгмийн ажилтан цөөн учраас ахин эвлэрэх орон зай үүсдэггүй байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хэлтсээс сургуулиудыг мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох, мөн гэр бүлийн талаар зөвлөгөө өгдөг нийгмийн ажилтан бэлтгэхээр болжээ.
+ There are no comments
Add yours