Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдав.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын 2018 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 57 тоот захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Тус Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн удирдамжийг баталсан. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэшсэн бүрэлдэхүүн бүхий дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлаар санал солилцов. Ингээд ажлын таван дэд хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн тогтсон бөгөөд ажлын дэд хэсэг бүрийг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн ахалж ажиллахаар шийдвэрлэсэн юм.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хоёр сарын хугацаанд шалгаж санал, дүгнэлт гарган УИХ-д танилцуулна.
+ There are no comments
Add yours