Сангийн сайд асан С.Баярцогтыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрбээр тус шүүх хуралд онлайнаар оролцсон юм. Шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Г.Орхон “Манай үйлчлүүлэгч С.Баярцогтыг 2018 оны 4р сарын 1-нд АТГ-аас гэрчээр байцаалтад дуудсан. Мэдүүлэг авсны дараа шууд баривчилсан. Өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцууллаа.С.Баярцогт эхнээсээ энэ асуудалд АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй, албан тушаалгүй байхдаа бүх юмаа шалгуулъя гэсэн. Одоогоор Эрүүгийн хуулийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргүүдэд холбогдуулж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Прокурорын зүгээс С.Баярцогтыг нэмж цагдан хорих нь зүйтэй гэсэн саналыг өгсөн. Үүнийг бид зөвшөөрөөгүй. Харамсалтай нь шүүх цагдан хорих нь зүйтэй гэсэн шийд гаргалаа.
Уг нь хүний халдашгүй чөлөөтэй байх Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой. С.Баярцогт эхнээсээ энэ асуудалд АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй, албан тушаалгүй байхдаа бүх юмаа шалгуулъя гээд амралтын өдөр бүтэн сайнд дуудаж байхад нь би өмгөөлөгч авъя, хойшлуулъя гэхгүйгээр яваад очиж байхад нь, өөрөөр хэлбэл ямар ч оргон зугтах юм уу хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорьж байгаатай санал нийлэхгүй. С.Баярцогт өөрөө ямар ч гэм буруугүй гэдэгтээ хатуу итгэл үнэмшилтэй байгаа” гэв.
-Танай талаас гүйлгээтэй холбоотой баримтаа сөргүүлж тавих уу?
-Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болохоор энэ ингэсэн, тэр тэгсэн гэж нарийн ярих боломжгүй.
-Та зохион байгуулалттай гэдэг асуудал хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Прокуророос зохион байгуулалттай гэмт бүлэг зохион байгуулсан, оролцсон гэдэг үндэслэл давхар яллах тогтоолдоо оруулсан байсан. Прокуророос тодруулах нь зүйтэй байх.
+ There are no comments
Add yours