Сар орчмын өмнө Нийслэлийн цагдаагийн газраас гар утасны худалдаа эрхлэгч иргэдтэй уулзаж, хулгайн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр албаныхан “Тун удахгүй монголчууд гар утасны хулгайгүй, хулгайд алдлаа ч гэсэн түргэн шуурхай олдог болно” хэмээн хэлж байв. Тодруулбал, гар утасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, цагдаагийн байгууллага хамтраад www.smartdevice.mn сайтыг тун удахгүй ажиллагаанд оруулах гэж байна.
Иргэд тус сайтад гар утасныхаа IMEI код, утасны дугаараа өөрийн нэр дээр бүртгүүлснээр хулгайд алдсан гар утсаа хурдан шуурхай олох боломж бүрдэнэ. Гар утсаа хулгайд алдсан тохиолдолд “алдагдсан” төлөвт шилжүүлэх юм.
Хулгайч тухайн утсанд сим карт хийсэн тохиолдолд үүрэн холбооны операторт мэдээлэл очиж, оператор хэрэглэгчийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл таны нэр дээр бүртгэл бүхий гар утсыг өөр хүн ашиглах боломжгүй болно гэсэн үг. Нэг хүн өөрийн ашиглаж буй бүх ухаалаг утас, төхөөрөмжөө бүртгүүлэх боломжтой болно гэсэн билээ.
Гэтэл хулгайч нарын арга улам бүр нарийсч, дээрх IМEI кодыг нь хүртэл өөрчилж, сольж зардаг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гар утас хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулсаар байна. Гэвч хулгайч нар улам нууцлагдмал, далд байдлаар гэмт хэргээ үйлдэх нь ихэссээр байгаа нь санаа зовоох асуудлыг нэг болжээ.
-ГАР УТАСНЫ IMEI КОД ӨӨРЧИЛДӨГ ТӨХӨӨРӨМЖ
БНХАУ-ААС ОРУУЛЖ ИРЖЭЭ-
Гар утасны IMEI код тайлж, өөрчилдөг программ ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг тус хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэлжээ. Нийслэлийн цагдаагийн газрын хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Батзаяагийн хэлж буйгаар, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бүлэг зохион байгуулалттай халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг хэд хэдэн этгээдүүдийг баривчлан шалгаж эхэлсэн байна.
Эдгээр этгээдүүд гар дээрээс гар утас худалддаг ченжүүдэд хулгайн гар устаа хүлээлгэж өгдөг, зардаг байсан бөгөөд тэдний нэг нь гар утасны IМEI код сольдог байж болзошгүй программ БНХАУ-аас өндөр үнээр оруулж ирэн ашиглаж байсан нь илэрчээ. Цагдаагийн байгууллагаас тус төхөөрөмжийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлэн шинжлүүлэхэд уг программаар 1260-аад гар утасны IMEI код болон ямар нэг мэдээллийг засч, өөрчилсөн болох нь тогтоогдсон аж. Тиймээс тухайн этгээдүүдэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд буй юм байна.
Он гарсаар нийслэлд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсанаас 85.4 хувийг гар утасны хулгайн гэмт хэрэг эзэлжээ. Нийслэлд гар утасны 6000 орчим худалдаачин байдаг бөгөөд тэдний талаас илүү нь хулгайн гар утас худалдан авч өөрчлөлт хийгээд, эргүүлэн зардаг сүлжээ болсныг албаныхан хэлж байна.
+ There are no comments
Add yours